Үнэ төлбөргүй элэгний В, С вирус тодорхойлох аяныг эхлүүллээ
Элэгний эмгэг судлалын холбоо “Хаппи веритас” оношлогооны төвтэй хамтран элэгний өвчлөл, хорт хавдрын хожуу үеийн байдал, нас баралтыг бууруулах зорилгоор элэгний В, С вирус тодорхойлох шинжилгээ үнэ төлбөргүй хийх сарын аяныг зарлаж буй талаараа мэдээллээ.
Аяныг есдүгээр сарын 15-наас эхлүүлж байгаа бөгөөд сарын хугацаанд иргэд “Хаппи веритас оношлогооны төв”-д хандан шинжилгээнд үнэ төлбөргүйгээр хамрагдаж болох юм байна. Түүнчлэн энэ хугацаанд хавдар, хатуурал хүнд шатандаа орсон зорилтот бүлгийн хүмүүсийн эмчилгээг үнэгүй хийх аж.
Мэдээллийн үеэр элэгний хорт хавдрын өвчлөл насны бүлгээр авч үзвэл 45-аас дээш насанд, хожуу үед оношлогдож байгаа бөгөөд оношилгоонд орсон иргэдийн 81.3 хувь нь 3, 4-р шатандаа орчихсон байгаа нь сэтгэл түгшээж байна гэдгийг онцоллоо.
Өнөөгийн байдлаар тус төвийн хяналтад 5000 гаруй хүн байгаа аж.




