Сүхбаатар аймгийн боловсрол, соёлын байгууллагууд хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ базаажээ

Сүхбаатар аймгийн хэмжээнд боловсролын 41, соёл урлагийн 15 нийт 56 байгууллага боловсрол, соёлын салбарт үйл ажиллагаа эрхэлж байна. Аймгийн Боловсрол Соёлын газраас сургууль, цэцэрлэгүүдийн 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө. БСШУЯ-ны санхүүжилтээр Баруун-Урт сумын 2-р цэцэрлэг, Түвшинширээ сумын сургууль, Мөнххаан сумын сургуулийн агааржуулалтын засварын ажил хийгдсэн бөгөөд Түмэнцогт сумын 320 хүүхдийн шинэ сургууль ирэх сарын дундуур ашиглалтад орохоор ажил хийгдэж байна. Бусад байгууллагууд өөрийн хөрөнгөөр урсгал засвар хийн хичээлийн шинэ жилийн нээлтээ хийхэд бэлэн болоод байгаа юм. Улс, орон нутгийн төсөв хүндрэлтэй байгаа хэдий ч аймгийн зүгээс сургууль, цэцэрлэгүүдийн “Үдийн цай” хөтөлбөр, хоолны өрийг шийдвэрлэснээр хичээлийн жилийг ямар нэгэн өргүй эхлүүлж байгаа юм.
Энэ хичээлийн жилд цэцэрлэгт өдрийн бүлэгт 3900 хүүхдийг хамруулахаар төлөвлөсөн нь хамрагдвал зохих хүүхдийн 80 орчим хувь нь юм. Хувилбарт сургалтаар сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллана гэдгээ мэдээлсэн юм. Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 29, 30-ны өдрүүдэд харьяаллын дагуу явагдана.
Ерөнхий боловсролын сургуульд 10900 хүүхэд суралцах бөгөөд 1-р ангид шинээр элсэн суралцах 1275 сурагчийн бүртгэл өнөөдөр дуусч байна. “Боловсрол өргөө” нэгдсэн дотуур байрны бүртгэлийг 8 дугаар сарын 30, 31-нд бүртгэх юм байна.




