Орхон голд алт олборлодог компаниудын үйл ажиллагааг зогсоов

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тэргүүтэй Архангай, Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, УУЯ, МХЕГ-ын хамтарсан баг өнгөрсөн амралтын өдрүүдэд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт ажилласан байна. Орхон голын эхэнд “Монгол газар”, “Батбродерс”, “Алтайголд”, “БМНС”, “Голден хаммер”, “Алтандорнод Монгол” компаниуд лиценз эзэмшиж, тэд гэрээлэгч 16 компаниар олборлолт хийдэг. Эдгээр компаниудын 14 нь хууль ёсны дагуу ТЭЗҮ-гээ хийлгээгүй, уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны үнэлгээ зэрэг заавал бүрдүүлэх ёстой бичиг баримтуудаа бүрдүүлээгүй өдий хүрчээ. Өнөөдрөөс уурхайн үйл ажиллагаа явуулж байсан газруудад пост ажиллуулж, хяналт тавьж буй юм байна. Одоогоор ашиглалтын лиценз эзэмшигч компаниудаас хоёрынх нь бичиг баримт бүрэн, бусад нь дутуу байгаа аж.




