Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Таван аймаг дахь вакцин тээвэрлэх, хөргүүртэй машинтай боллоо

2016 оны 9 сарын 01

Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан, Архангай аймгийн мал эмнэлгүүд “явдаг хөргөгчтэй” боллоо. Мал эмнэлгийн байгууллагад энэ нь ус, агаар шиг хэрэгтэй гэнэ. Учир нь манай аймгууд өдийг хүртэл вакцин тээвэрлэх зориулалт бүхий хөргүүртэй машингүй байсан нь мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд бэрхшээл учруулдаг байжээ. Тэр ч бүү хэл вакцины чанараас болоод малын эмч, эмнэлэг, эмийн үйлдвэрүүдийн дунд үл ойлголцол үүсэж, нэгнийгээ харддаг байсан тухай ч мэргэжилтнүүд хэлж байв.

“Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн хэлтсийн дарга С.Бөхбаатар “Мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд вакцины чанар хамгийн чухал. Манай орон эрс тэс уур амьсгалтай учир вакцин тээвэрлэж, зөөх явцад найрлага, чанар өөрчлөгдөх нь түгээмэл. Зөв горимд хадгалан хамгаалж, тээвэрлээгүй, хүйтэн хэлхээний нөхцөл хангаагүй вакцин хийснээр малын дархлаа мууддаг. Одоо бид энэ зовлонгоос айж, вакцины чанарт эргэлзэх хэрэггүй боллоо” гэв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дэлхийн банк хамтран мал эмнэлгийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Хөдөө аж ахуйн маркетинг” төсөл хэрэгжүүлж буй. Хувийн 40, сумын 15, аймгийн таван Мал эмнэлгийн хэлтэст 55 төрлийн 670 орчим багаж хэрэгсэл нийлүүлэхээр зорьж буй тус төслийнхөн өчигдөр вакцин тээвэрлэх, хөргүүртэй машиныг дээрх таван аймгийн Мал эмнэлгийн хэлтэст гардуулсан юм.

Таван аймаг дахь вакцин тээвэрлэх, хөргүүртэй машинтай боллоо

БНСУ-д үйлдвэрлэсэн, нэг тн-ын даацтай уг машины хөргүүр -8 хэм хүртэл хөргөдөг аж. Тухайн вакцины онцлог, хадгалах горимыг нь харгалзан хөргүүрийн хэмийг тохируулах боломжтой. Аймгууд хөргүүртэй машинтай болсон нь мал эмнэлгийн үйлчилгээний чанарыг нэг алхмаар урагшлуулж буй ч цаашид бүх сумыг “явдаг хөргөгчтэй” болгох зайлшгүй шаардлагатайг Мал эмнэлгийн хэлтсийн дарга нар онцлов.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн ч тэдэнтэй санал нийлж буйгаа хэлээд дээрх аймгуудын 15 сумыг тун удахгүй ийм машинтай болгохоо дуулгав. Тэрбээр “Манай улсын мал сүрэг сүүлийн жилүүдэд өсөж буй ч мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчин буурахгүй байна. Тиймээс бид мал сүргийнхээ эрүүл мэндийг сайжруулахад нөлөөлөх хамгийн гол асуудлуудыг шийдэхээр гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийг энэ салбарт чиглүүлж байна. Үүний нэг нь аймаг, сумдыг хөргүүртэй машинтай болгох юм” гэв.

Дашрамд дуулгахад, “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийн хүрээнд мал эмнэлэгт зайлшгүй шаардлагатай оношилгоо, шинжилгээний багаж хэрэгсэл, зөөврийн хашаа, үйлчилгээний мотоцикль, компьютер зэргийг нийлүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж буй гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35872
0 эможи
keyboard_arrow_up