Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум болж байна

Өнөөдөр Хэнтий аймагт "Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум" эхэллээ. Монгол Улс, БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хоёр орны хэвлэл мэдээллийн байгуулагуудын солилцоо, хэвлэл мэдээллийн форумыг жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтоод байгаа билээ.
Өнгөрсөн жилийн "Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум"-ыг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Алшаа аймагт амжилттай зохион байгуулжээ. Энэ жилийн форумыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс зохион байгуулж буй бөгөөд наймдугаар сарын 19-нөөс 21-ний хооронд үргэлжлэх юм байна.
Энэ жилийн хэвлэл мэдээллийн форумд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, ГХЯ-ны газрын захирал Х.Мандахцэцэг, орлогч захирал Г.Байгалмаа, МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагууд, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, аймгийн удирдлагууд оролцож байгаа аж.
БНХАУ-ын талаас Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны дарга хатагтай Цүй Юй Ин, ХКН-ны ӨМӨЗО-ы Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэгийн дарга хатагтай Улаан, Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, Шеньхуа агентлаг, Хятадын ардын өдрийн сонин, Төвийн ардын радио, ССТV, Өвөрмонголын радио телевиз, Өвөрмонголын "Монгол судлалын хүрээлэн" зэрэг олон байгууллагын төлөөлөгчид оролцож буй юм байна. Мөн энэ үеэр хэвлэл мэдээллийн байгууллагуудын илтгэлүүд тавигдах аж.




