Б.Дамдиндорж: АШУҮИС-ийг төгссөн эмч, мэргэжилтнийг дэлхийд хүлээн зөвшөөрч, АНУ, Япон, БНСУ-ын залуус АШУҮИС-ийг сонгон суралцаж байна Б.Дамдиндорж: АШУҮИС-ийг төгссөн эмч, мэргэжилтнийг дэлхийд хүлээн зөвшөөрч, АНУ, Япон, БНСУ-ын залуус АШУҮИС-ийг сонгон суралцаж байна
11 сарын 12, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Б.Дамдиндорж: АШУҮИС-ийг төгссөн эмч, мэргэжилтнийг дэлхийд хүлээн зөвшөөрч, АНУ, Япон, БНСУ-ын залуус АШУҮИС-ийг сонгон суралцаж байна

2026 оны 11 сарын 12

Arslan.mn

Монгол Улсын анагаах ухааны салбарын шилдэг эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргадаг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд өнөөдөр 17,000 орчим оюутан суралцаж, 1800 гаруй багш, мэргэжилтнүүд ажиллаж байна. Тус сургуульд хүний их эмч мэргэжлийг эзэмшсэн цагаасаа эхлэн багш, судлаачаас гараагаа эхэлж, өдгөө их сургуулиа дэлхийн шилдэг их сургуулиудын эгнээнд багтаах том зорилт тавин ажиллаж буй АШУҮИС-ийн Ректор Б.Дамдиндоржтой ярилцлаа. 

-Та АШУҮИС-ийн Ректороор томилогдоод хоёр жил болж байна. Тус сургуулийн хөгжлийг дараагийн шатанд гаргахад Манай улсад "Их сургуулийн эмнэлгийн тогтолцоо"-г бэхжүүлэх ажилд таны хувь нэмэр их. Энэ ажлыг хэрэгжуүүлэх шалтгаан юу байв?

Би АШУҮИС-д хүний их эмч мэргэжил эзэмшсэн цагаасаа хойш багшаас эхлэн өнөөдрийг хүртэл сургуульдаа тасралтгүй ажиллаж байна. 2024 оны нэгдүгээр сард АШУҮИС-ийн Ректорын албан тушаалд томилогдсон. Одоо сургуулиа сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээгээрээ тэргүүлсэн, төгсөгчид нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн шилдэг их сургуулиудын нэг болгох алсын хараатайгаар хамт олноо удирдан ажиллаж байна.

Дэлхий нийтийн жишгээр эрүүл мэндийн хамгийн өндөр түвшний тусламж, үйлчилгээг их сургуулийн эмнэлгүүд үзүүлдэг. Монгол Улсын анагаахын салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэдэг гол уурхайн хувьд их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бэхжүүлэх нь манай стратегийн хамгийн чухал алхам.

Тиймээс бид хөгжлийн бодлогоо шинээр батлуулж, их сургуулийн эмнэлгүүдээ байгуулан тогтолцоог нь бэхжүүлж эхэлсэн. Улаанбаатар хотод үйлчилгээ үзүүлж буй их сургуулийн эмнэлгүүд маань өнөөдөр нийслэлийн нийт иргэдийн 12 хувьд нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэж байна. Энэ бол зургаан жилийн дотор хийсэн ажил гэхэд маш том амжилт, үр дүн юм.  Их сургуулийн эмнэлэг нь орчин үеийн оношилгоо, эмчилгээг сургалт, судалгаатай цогцоор нь гүйцэтгэдэг онцлогтой. Үүний үр дүнд оюутнууд маань сүүлийн үеийн дэвшилтэт технологи дээр суралцаж, ур чадвар эзэмшин цаашид гүнзгийрүүлэн судлах боломж бүрдсэн. Саяхан Монгол-Японы эмнэлэгт робот мэс заслыг нэвтрүүлсэн. Ирээдүйд манай сургуулийг төгссөн оюутан, эмч мэргэжилтнүүд робот мэс заслыг төвөггүй  хийгээд явах боломж бүрдсэн. Үүнээс гадна манай их сургуулийн эмнэлгүүд 108 шинэ технологийг анагаахын салбарт нэвтрүүлсэн байна.

Arslan.mn

- Дээд боловсролын салбарт их сургуулийн “эрэмбэ” их яригддаг. Танай хамт олон АШУҮИС-ийн эрэмбийг дээшлүүлэхэд маш их зүйл хийсэн. Олон улсад ч хүлээн зөвшөөрөгдөөд эхэлсэн байна. Энэ ажлыг ер нь хэрхэн эхлүүлж байв. 

Их сургуулийн эрэмбийн  цаана маш их хөдөлмөр, асар олон үзүүлэлт явж байдаг. Сургалтын хөтөлбөр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдал, багш, боловсон хүчний нөөц, сургалтын орчин, багш, судлаачдын эрдэм шинжилгээний бүтээл, ОУ-д хэвлэгдсэн байдал, их сургуулийн эмнэлэг, дэвшилтэт технологи, нийгэмд үзүүлж буй нөлөө санхүүгийн тогтвортой байдал гэх мэт 40 орчим үзүүлэлтээр шалгаж, эрэмбэлдэг.

Бидний хувьд дэлхийд дээгүүрт үнэлэгддэг байгууллагаар эрэмбэлүүлэхэд өнгөрсөн жил 1237-д жагссан бол энэ жил амжилтаа ахиулж 1169-д эрэмбэлэгдсэн. Энэ бол манай хамт олны бүтээсэн хамгийн том амжилт. Манай хамт олон 2020 оноос хойш тасралтгүй бэлдэж, таван жилийн дотор энэ үр дүнг гаргасан.

Үүнээс гадна БШУЯ-аас анх удаа дотоодын их сургуулиудаа эрэмбэ чансааг тогтооход  АШУҮИС дэд байрт эрэмбэлэгдсэн. Энэ бол үе үеийн удирдлагууд, багш, эрдэмтэд, оюутнуудын маань хийж бүтээсэн нөр их хөдөлмөрийн үр дүн юм.  АШУҮИС-д ажиллаж байгаа багш нар маань өөрсдөөрөө, сургуулиараа бахархдаг, төгссөн оюутнууд маань дэлхийн аль ч улсад очоод АШУҮИС гэдэг нэрийг хэлэхэд нүүр бардам байдаг, ёс зүйтэй, мэдлэгтэй, боловсролтой, манлайлан ажиллах чадалтай, улс эх орондоо хувь нэмэр оруулах тийм л нийгмийг бүтээх нь бидний зорилго. 

-АШУҮИС-д өнөөдөр 300 гаруй гадаадын оюутан хүний их эмч мэргэжлээр суралцаж байна. Мөн танай сургуулийн зарим хөтөлбөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн. Үүнийг АШУҮИС-ийн боловсон хүчин дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж байна гэж ойлгож болох уу?

Тэгж ойлгож болно. Манай сургууль анх 2012 онд Хүний их эмч бэлтгэх хөтөлбөрөө Ази, Номхон далайн бүсийн итгэмжлэлийн байгууллагаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, магадлуулж, 2016 онд Хүний их эмч бэлтгэх хөтөлбөрөө олон улсад анх удаа магадлан итгэмжлүүлж байсан түүхтэй. Өнөөдрийн байдлаар хүний их эмч, шүдний эмч, сувилагч, нийгмийн эрүүл мэнд судлаач, Эм зүйч, хөдөлгөөн засал, анагаах ухааны магистрын цахим магистрын хөтөлбөрүүдээ олон улсад амжилттай магадлан итгэмжлүүлээд байна.

Манай хөтөлбөрүүдийг магадлан итгэмжилж буй байгууллагууд бүгд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн институцууд байдаг. Магадлан итгэмжлэл олгохдоо хөтөлбөрийн чанар чансаа, агуулга, англи хэл дээр заагддаг эсэх, материаллаг бааз, эмнэлгийн тусламж үйлчилгээний оролцоо, судалгааны бүтээлүүд ямар сэтгүүлд хэвлэгддэг вэ гэх мэт маш нарийн шалгуураар шалгаж, магадлан итгэмжилдэг. 
Үүний үр дүнд манай магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр төгсөж буй оюутан залуусын диплом Баруун Европын орнууд, Австрали, Япон, БНСУ, Хойд Америк, Канад зэрэг улсад шууд хүлээн зөвшөөрөгдөж байна. Өнөөдөр АШУҮИС-ийг төгссөн дипломоороо дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад мэргэжлээрээ ажиллаж буй маш олон залуус бий. Би оюутан байхдаа үүнийг мөрөөддөг байсан бол өнөөдөр ийнхүү ажил хэрэг болж, залуус маань дэлхийн тавцанд үнэлэгдэж байна. Гэхдээ бид үүндээ сэтгэл ханаад зогсож болохгүй, цаг тутамд илүүг хийхийн төлөө ажиллах ёстой.

Өнөөдөр манай сургуульд 300 гаруй гадаад оюутан суралцаж байна. Та боддоо, АШУҮИС-д АНУ, Япон, БНСУ-аас оюутнууд зорин ирж, хүний их эмч мэргэжлийг эзэмшиж байна. Тийм учраас бид улам илүү хөгжих, ажиллах, дэлхийн шилдэг эмч, мэргэжилтнүүдийг сургуульдаа урьж ажиллуулах зэрэг маш олон томоохон зорилтуудтай нүүр тулж байна.

Үүнд төр засгийн бодлого, дэмжлэг хамгийн чухал. Их сургууль бол улс орны уураг тархи нь гэдгийг ухаарч, үндэсний их сургуулийн тогтолцоог төрөөс бодлогоор тууштай дэмжих нь эрүүл мэндийн салбарын ирээдүйд хамгийн том хөрөнгө оруулалт болно.
-АШУҮИС-ийн багш нар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын сэтгүүлд бүтээлээ хэвлүүлэх нь энгийн зүйл болсон. Энэ нь гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, багш нарыг урамшуулах ажилтай шууд холбоотой гэж харж болохоор байна. Зөв үү.

Дэлхийд эрдэм шинжилгээний 25,000 орчим сэтгүүл бий. Үүн дотор “Scopus”, “Web of science”, “Pubmed” гэсэн хэд хэдэн том байгууллагын эрхлэн гаргадаг сэтгүүл хамгийн дээгүүрт бичигддэг. Дээрх сэтгүүлүүдэд материалаа хэвлүүлсэн тохиолдолд таны бүтээл шинжлэх ухаанд шинэ нээлт хийлээ гэдгийг баталж, бүтээлийг бусад судлаачид өөрийнхөө судалгаанд авч ашиглах эрх үүсдэг. 
АШУҮИС эрдэм шинжилгээний чанар, чансаагаа сайжруулахын тулд магистр, докторууддаа тэтгэлэг олгох, төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх, хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн. Өнөөдөр АШУҮИС-ийн докторын зэрэг хамгаалах эрхмүүд эрдмийн бүтээлээ дээрх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлүүдэд хэвлүүлж байж, эрдмийн зэрэг авдаг болсон. Энэ нь тухайн эрдэмтэнд ч үр дүнтэй, сургуульдаа ч ашигтай маш том ажлын нэг болсон.

Бид нийт төсвийнхөө долоон хувийг эрдэм шинжилгээ, судалгаа, багшийг хөгжүүлэх ажилд зарцуулж байна. Долоон хувь гэдэг бол бага тоо биш. Цаашид энэ зардлыг нэмэгдүүлж 2030 он гэхэд 20-23 хувьд хүргэх зорилготой ажиллаж байна. 

-17,000 гаруй оюутантай их сургуульд сайн багш, сайн хүний нөөц хэрэгтэй. Таны хувьд багш, хүний нөөцөө бэлтгэх, урамшуулах тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ? 

Манай сургуулийн багш нар сургалтаа явуулахын зэрэгцээ эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа хийдэг, эмнэлгийн тусламж, үйлчилгээгээ гардан үзүүлдэг цогц чадамжтай, өндөр потенциалтай мэргэжилтнүүд байдаг. 

Өнөөдрийн байдлаар 1700 гаруй багш, эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууд манай сургуульд ажиллаж байна. Эдгээр ажилчдын мэдлэг, чадварыг тасралтгүй хөгжүүлэх нь миний зорилго.

Энэ хүрээнд дэлхийн 40 орны 180 гаруй их, дээд сургуультай хамтран ажиллаж байна. 20 гаруй жилийн өмнө Япон Улсын Токушима их сургуультай хамтын ажиллагааг эхлүүлж байсан бид одоо хамтарч “2+2” докторын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ нь бидний олон улсадп өрсөлдөх чадвар нэмэгдэж байгааг харуулж буй нэг том үзүүлэлт юм.

АШУҮИС-ийн хөгжлийн цөм нь чадвартай багш, сайн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд.
Мөн бид Жичи, Шига их сургууль, Ойтагийн их сургуулиас гадна томоохон их сургуулиудтай хамтран ажиллах гэрээг шинээр байгуулж байна. Жишээлбэл зайн оношилгоо, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээгээрээ тэргүүлдэг Нагояагийн их сургууль, Кюүшү их сургуультай хамтран ажиллаж эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ бүх шатанд нь сургах, хамтарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн. Ер нь анагаах ухааны салбарт хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь их сургуулийн чанар, чансааг илтгэж, эерэгээр нөлөөлдөг.

Arslan.mn

Хуучин чинь нэг ч гэсэн багшаа гадны улс, оронд сургаж л байвал гэж боддог байсан бол одоо ирээдүйд нэвтрүүлэх эмчилгээ, үйлчилгээндээ тохируулан хүний нөөц, бодлогоо уялдуулж, сургадаг болсон. Мөн энэ хүрээндээ хамтран ажиллаж буй байгууллагуудтайгаа хамтарсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, оюуны үр шимээр бий болсон патентийг хамтарч эзэмшдэг бодлогын алхамруу шилжиж байна. 

-АШУҮИС-ийн салбар сургуульд ажиллаж буй багш, эмч, мэргэжилтнүүд адилхан үнэлэгдэж, суралцаж буй оюутнууд төвийн сургуультайгаа адилхан мэдлэг, боловсролыг авч чадаж байгаа юу? 

Улаанбаатар хотод болон хөдөө орон нутагт суралцаж буй оюутнуудын сургалтын чанар ижил түвшинд байж, тэд ижил чанартай боловсролыг эзэмших ёстой. Тиймээс ч бид салбар сургуулиуддаа нэгдсэн нэг хөтөлбөрөөр хичээл ордог. Багш нарын чадамж ч үүнд бүрэн бэлтгэгдсэн.
Үүнээс гадна хөдөө орон нутагт ажиллаж буй их сургуулийн эмнэлгүүд ч төвлөрлийг бууруулах үндэсний бодлогод бодитой хувь нэмрээ оруулж яваа. 

-Өнөөдрийн байдлаар АШУҮИС дэргэдээ хэдэн эмнэлэгтэй, ямар бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байна вэ?

Дээд боловсролын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр "Анагаах ухааны боловсрол олгодог сургуулиуд дэргэдээ их сургуулийн эмнэлэгтэй байх ёстой" гэсэн маш чухал заалт орсон. Үүнийг дагаад их сургуулийн эмнэлэгт тавигдах шаардлага, стандартууд шинэчлэгдэн мөрдөгдөж байна.
Өнөөдөр АШУҮИС нь Төв, Баруун, Зүүн, Хойд гэсэн дөрвөн хотхонтой бөгөөд их сургуулийн эмнэлгүүд маань Зүүн болон Хойдхотхонд төвлөрөн ажиллаж байна. Тухайлбал:

  • Зүүн хотхонд: Монгол-Японы эмнэлэг, Монгол анагаах ухааны төв эмнэлэг,
  • Хойд хотхонд: Нүүр ам судлалын төв эмнэлэг, АШУҮИС-ийн Төв эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна.

Өдгөө Улаанбаатар хотод их сургуулийн тусгайлсан таван эмнэлэг үйлчилгээ үзүүлж байна. Орон нутгийн хувьд Баруун бүсэд Говь-Алтай, Говийн болон Зүүн бүсэд Дорноговь, Төвийн бүсэд Дархан-Уул, Хангайн бүсэд Архангай аймаг дахь салбар сургуулиудаараа дамжуулан эмнэлгийн тусламж, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг цогцоор нь явуулж байна.

Үндэсний их сургууль нь Монгол Улсдаа чанартай, өндөр мэдлэг, ур чадвартай, ёс зүйтэй, зөв харилцаа, хандлагатай манлайлагч эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэж өгөх үүрэгтэй. 

-Та өөрөө эмч хүний хүүхэд, бас энэ сургуулиас ажлын гараагаа эхэлсэн багш хүн. Сургуулийнхаа босгыг алхан орж буй оюутан залуусыг хараад юу бодогддог вэ?

АШУҮИС-ийг зорьж орж ирж буй хүүхдүүд энгийн нэгэн байдаггүй. Тэд зүрх сэтгэлээсээ хүсэж мөрөөдөн, маш их хичээж байж энэ сургуулийн босгыг давдаг. Миний ээж эмч хүн байсан болохоор би бүр наймдугаар ангид байхдаа л эмч болно гээд шийдчихсэн байсан. 
Тэгэхээр яг над шиг өөрийн хүсэл, мөрөөдлөөрөө энэ мэргэжлийг сонгон сургуулийн маань босгыг давсан хүүхдүүддээ хамгийн шилдэг мэдлэг, туршлагыг олгож төгсгөх нь бидний үүрэг. Үүний төлөө АШУҮИС-ийн нийт багш, удирдлагын баг бүх хүч чадлаа зориулан хичээж ажиллаж байна.
-Ярилцсанд баярлалаа. 

Arslan.mn

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671473
0 эможи

Зочин
2026-11-12 20:04
Монголд хамаатнууд бие биенээ алдаг учраас Монгол улс нь урт насалдаг Япон улсын нэрэнд хэзээ ч хүрэхгүй
Зочин
2026-11-12 09:18
Дээд боловсрол мэддэгуй ректор юм! Эрэмбээ ч ойлгохгуй. Терийн данхайсан их сургууль нэртэй коллежуудыг цэгцэлж, монополийг задлаж, чанараар ерселдуулэх цаг болсон!!!
keyboard_arrow_up