Я.Болдбаатар: Иргэд УБТЗ-ын Төв эмнэлэгт харьяалал харгалзахгүйгээр ЭМД-аар МЭС ЗАСАЛ хийлгэх боломжтой

75 жилийн түүхтэй УБТЗ-ын Төв эмнэлэг нь төмөр замчид болон тэдний гэр бүлд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэн ажиллаж ирсэн.
Харин энэ оны есдүгээр сараас эхлэн тус эмнэлэг нь иргэдэд эрүүл мэндийн даатгалаар, харьяалал харгалзахгүйгээр урологи, ходоод, бүдүүн болон шулуун гэдэсний дурангийн үзлэг, оношилгоо, эмчилгээний үйлчилгээг үзүүлж эхэлжээ.
Өдгөө УБТЗ-ын Төв эмнэлэг нь орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан оношилгооны үйлчилгээг нэвтрүүлж, өвчнийг эрт илрүүлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн тусламж, үйлчилгээг өргөжүүлэн ажиллаж байна.
Энэ талаар УБТЗ-ын Төв эмнэлгийн нэгдсэн мэс заслын тасгийн эрхлэгч Я.Болдбаатар “УБТЗ-ын Төв эмнэлгийн мэс заслын тасаг ерөнхий мэс заслын чиглэлээр хэвлийн хөндийн бүх төрлийн мэс заслыг хийж байна.
Ялангуяа цөсний хүүдийг дурангаар авах, мухар олгойг дурангаар авах, хэвлийн түгжрэл болон хэвлийн бүх төрлийн эвэрхийг нөхөх мэс заслыг хийж байна.
Гэмтлийн чиглэлээр гар, сарвууны гэмтлүүд болон гэмтлийн дараах чөлөөлөх мэс засал, урологийн чиглэлээр түрүү булчирхайн томролыг дурангаар авах, шээсний сүв, давсагны чулуу авах, хоргүй ургацаг авах зэрэг мэс заслыг хийдэг. Мөн эмэгтэйчүүдийн чиглэлээр давсаг сойх, дурангаар өндгөвчний уйланхай авах мэс заслыг хийж байна.
Мөн чих, хамар, хоолойн чиглэлээр хамрын муруй засах, хэнгэрэг нөхөх мэс заслуудыг харьяалал харгалзахгүй, эрүүл мэндийн даатгалаар хийж байна.
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд бага хөнөөлт мэс засал хөгжиж байна. Үүнтэй холбоотойгоор манай эмнэлгийн мэс заслын тасаг, ялангуяа хэвлийн хөндийн дурангийн мэс заслыг түлхүү хөгжүүлж байна. Учир нь монголчуудын дунд цөсний хүүдийн чулуут үрэвслүүд зонхилон тохиолдож байна” гэв.
"УБТЗ-ын Төв эмнэлэг эмэгтэйчүүдийн бүх төрлийн оношилгоо, мэс заслын тусламж үйлчилгээг ЭМД-аар үзүүлж байна"

Эмэгтэйчүүдийн мэс заслын талаар УБТЗ-ын Төв эмнэлгийн нэгдсэн мэс заслын тасгийн эмэгтэйчүүдийн мэс заслын эмч Л.Энхжаргал “Манай эмнэлгийн эмэгтэйчүүдийн мэс заслын тусламж, үйлчилгээний хувьд амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
Амбулаторийн тусламж, үйлчилгээний хүрээнд эмэгтэйчүүдийн бүх төрлийн өвчний оношилгоо, үйлчилгээг хийж байна.
Тухайлбал, мазок, умайн хүзүүний бактерлоги, эсийн шинжилгээ, ЭХО, умайн хүзүүний дурангийн оношилгоонуудыг хийж байна. Нэмэлтээр ТОРЧ-ийн шинжилгээг хийдэг.
Мэс заслын нэгдсэн тасагтаа давсаг сойх, хярзан өндөрлөх пластик мэс засал, өндгөвчний уйланхай болон өндгөвчний бүх төрлийн мэс засал, мөн үрийн хоолой боох, умайн миомын мэс заслын үйлчилгээг хийж, иргэдэд үйлчилж байна.
Сүүлийн үед эмэгтэйчүүдийн хувьд шээс задгайрах эмгэг түгээмэл тохиолдож байна. Тэр дундаа хэвлийн таргалалт, төрөлт, стресс, бухимдал болон цэвэршилтийн дараах эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож байна.
Шээс задгайрах эмгэгийг гурван шаттай авч үздэг. Нэгдүгээр болон хоёрдугаар шатанд Кегелийн дасгалаар эмчлэгдэх боломжтой. Харин гуравдугаар шатанд мэс засал хийгдэнэ гэсэн үг” гэв.
Холбоо барих утас: 72004995
