ФОТО: Арьсны өвчин судлалын үндэсний төв байгуулагдсаны 80 жилийн ойн БАЯРЫН ХУРАЛ боллоо

Монгол Улсад арьс өнгөний салбар үүсэж хөгжсөний 100 жил, Арьсны өвчин судлалын үндэсний төв байгуулагдсаны 80 жилийн ойн баярын хурал боллоо.
Ойн баярын хуралд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, АУ-ны доктор А.Цогцэцэг, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж, АӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Уранчимэг болон салбарын үе үеийн ахмад эмч, эрдэмтэн багш, судлаач, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо.

Баярын хурлыг нээж Эрүүл мэндийн сайд Э.Батшугар үг хэлж, арьс судлалын салбарын нэгэн зууны түүх бол үе үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрдэмтэн багш, судлаачдын мэдлэг, хөдөлмөр, сэтгэл зүтгэлээр бүтсэн үнэт өв болохыг онцоллоо.
Тэрбээр “Өнгөрсөн 100 жил бол бидний бахархах түүх, бидэнд үлдээсэн үнэт өв. Харин тэр өвийг улам баяжуулж, дараагийн үедээ илүү сайнаар өвлүүлэх нь бидний үүрэг” хэмээн тэмдэглэв.
Мөн дэлхийн анагаах ухаан өвчнийг эмчлэхээс илүүтэй эрсдэлийг урьдчилан тодорхойлох, өвчнийг эрт илрүүлэх, нарийвчилсан оношилгоо, хувь хүнд тохирсон эмчилгээний чиглэлд эрчимтэй хөгжиж байгааг онцлоод Монголын арьс судлалын салбар энэ хөгжилтэй хөл нийлүүлэн урагшлах шаардлагатайг хэллээ.
Цаашид арьсны хавдар, архаг үрэвсэлт болон аутоиммун өвчний оношилгоо, эмчилгээг боловсронгуй болгож, молекул оношилгоо, эмгэг судлал, арьсны мэс засал, лазер болон гэрэл эмчилгээ зэрэг орчин үеийн арга, технологийг нутагшуулах, залуу эмч, мэргэжилтнүүдийг сургаж хөгжүүлэх, судалгаа шинжилгээг дэмжих нь чухал болохыг сайд онцолсон юм.

Ойн баярын хурлын үеэр арьс судлалын салбарын хөгжилд олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн дээд одон, медаль гардууллаа.
Ийнхүү салбарынхаа 100 жилийн түүхийг бүтээлцсэн ахмад үеийн хөдөлмөр, гавьяа зүтгэлийг төр засгаас үнэлж, хүндэтгэл үзүүлсэн юм.

Баярын хурлаар АӨСҮТ-ийн, клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч Ц.Уранчимэг “Арьс өнгөний салбарын түүхэн замнал, ололт амжилт”, АШУҮИС-ийн АУС-ийн АУ-ны доктор, дэд профессор, зөвлөх зэргийн их эмч В.Нямцэнгэл “Монгол Улс дахь БЗДХ/ДОХ-оос сэргийлэх, хянах үйл ажиллагааны түүхэн замнал” сэдвээр илтгэл танилцууллаа.
1926 онд арьс өнгөний анхны тасаг байгуулагдаж, 1946 онд “Арьс өнгөний больниц” бие даан үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш өдгөө 100 жилийн түүхтэй арьс судлалын салбар, 80 жилийн түүхтэй Арьсны өвчин судлалын үндэсний төв нь улсын хэмжээнд төрөлжсөн тусламж, үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх, судалгаа шинжилгээ хийх, орон нутагт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх үндэсний хэмжээний байгууллага болон хөгжиж байна.
Өнгөрсөн 100 жилийн ололтоо өвлөн авч, орчин үеийн шинжлэх ухаан, шинэ технологид тулгуурлан арьс өнгөний салбарын дараагийн 100 жилийн хөгжлийг бүтээх зорилтыг ойн баярын үеэр онцоллоо.















