ХӨСҮТ ОХУ, Буриад, Саха Улсын сүрьеэгийн диспансеруудтай шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

“Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний IX хурлын хүрээнд Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв /ХӨСҮТ/ нь ОХУ-ын Эрүүл мэндийн яамны харьяа Новосибирскийн сүрьеэгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Саха (Якут) Улсын Э.Н. Андреевын нэрэмжит “Фтизиатри” эрдэм шинжилгээ, практикийн төв, Буриад Улсын Г.Д.Дугаровагийн нэрэмжит клиникийн сүрьеэгийн диспансер зэрэг байгууллагуудын удирдлагуудын түвшинд хоёр талын уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар сүрьеэгийн тусламж үйлчилгээ, эрдэм шинжилгээ, судалгаа, шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх харилцан туршлага солилцох зэрэг чиглэлээр Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Талуудын уулзалтад ОХУ-ын талаас тус улсын Эрүүл мэндийн яамны харьяа Новосибирскийн Сүрьеэгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Ставицкая Наталия Владимировна, Бүгд Найрамдах Буриад Улсын төсөвт сүрьеэгийн эмнэлзүйн клиникийн Ерөнхий эмч Кожевников Валерий Вениаминович, Сүрьеэгийн клиникийн дурангийн тасгийн эрхлэгч Доржиев Андрей Батомункуевич, Бүгд Найрамдах Саха Улс (Якут)-ын Э.Н. Андреевын нэрэмжит Сүрьеэ судлалын 'Фтизиатри' эрдэм шинжилгээ, практикийн төвийн захирал Прокопьев Егор Спиридонович, тус төвийн Зохион байгуулалт, Дүн шинжилгээний албаны дарга М.К. Винокурова, хэлтсийн эрхлэгч Зорина Светлана Павловна нар оролцов.
Харин ХӨСҮТ-өөс ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд, Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Б.Батсүх болон холбогдох албадын төлөөлөлүүд оролцсон юм.












