“Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” ОУ-ын хуралд Япон, БНСУ, БНХАУ зэрэг улс орнуудын 120 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож байна

УИХ-ын даргын манлайлал дор зохион байгуулж буй “Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээнд Азийн орнуудын эв санааны нэгдлийг хангах” олон улсын форум 2026 оны 9 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.
Тус форумын хүрээнд “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний IX хурал зохион байгуулагдаж байгаа бөгөөд Азийн болон бусад орны 120 гаруй эрдэмтэн, судлаач, эмч, мэргэжилтэн, салбарын эксперт, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байна.
Хурлын үеэр сүрьеэгийн хяналт, урьдчилан сэргийлэлт, эмчилгээний стратеги, дэвшилтэт технологи, инновац, нийгмийн хамгаалал, хүрээлэн буй орчны нөлөөлөл, үйл ажиллагааны судалгаа болон эрүүл мэндийн тогтолцооны шинэ шийдлүүдийн талаар улс орнуудын туршлага, ололт амжилтыг хуваалцаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцэж байна.
Дэлхийн хэмжээнд сүрьеэ өвчнийг устгах зорилго нэг боловч улс орон бүрийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, шийдэл харилцан адилгүй. Иймд улс орнууд харилцан туршлага солилцож, үр дүнтэй арга барилаас суралцах, шинэ шийдэл хамтран эрэлхийлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь сүрьеэгийн тархалтыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.

Олон улсын эрдэм шинжилгээний IX хуралд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүс, Япон, БНСУ, БНХАУ, ОХУ, АНУ, Лаос, Малайз, Тайланд, Камбож, Филиппин, Непал, Бангладеш, Молдав зэрэг улс орны эрүүл мэндийн байгууллага, сүрьеэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага, их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байна.
Тухайлбал, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс, БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн агентлаг, Япон болон БНСУ-ын сүрьеэтэй тэмцэх мэргэжлийн байгууллагууд, БНХАУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв, АНУ-ын Жонс Хопкинсын их сургууль, Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн товчоо зэрэг байгууллагын төлөөлөл хүрэлцэн иржээ.
Мөн ОХУ-ын эрүүл мэндийн салбарын харьяа сүрьеэ, уушги, халдварт өвчний чиглэлийн үндэсний болон эрдэм шинжилгээний байгууллагууд, Азийн орнуудын сүрьеэгийн хяналтын үндэсний хөтөлбөрүүд, мэргэжлийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож байна.
Монгол Улсын хувьд энэхүү олон улсын форумыг зохион байгуулснаар Азийн орнуудын сүрьеэгийн хяналтын чиглэлээр хэрэгжүүлж буй үр дүнтэй арга хэмжээ, инновац, судалгааны үр дүнг хуваалцахын зэрэгцээ бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагаа, мэдлэг, туршлага солилцоог өргөжүүлэх чухал боломж бүрдэж байна.


















