ХӨСҮТ “Дилав Хутагт“ сантай эрт илрүүлэх, сүрьеэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ) болон Дилав Хутагт сан хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд, Дилав Хутагт сангийн захирал Б.Уянгоо нар баталгаажуулан гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа эхлүүлэв.
Хамтын ажиллагааны хүрээнд сүрьеэгийн халдвар, өвчнийг эрт илрүүлэх, сүрьеэгээс урьдчилан сэргийлэх эмчилгээний (TPT) хүртээмжийг нэмэгдүүлэх, сүрьеэгийн тандалт, хяналтыг сайжруулах, Монгол Улсад сүрьеэгийн хяналт, сэргийлэлтийн үр дүнтэй бодлого, хөтөлбөр боловсруулахад шаардлагатай нотолгоо, мэдээллийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
Мөн олон улсын түнш байгууллагуудтай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх сургалт, ажилтан солилцоог зохион байгуулах, сүрьеэтэй өвчтөн болон сүрьеэгийн чиглэлээр ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх зэрэг олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Түүнчлэн Дилав Хутагт сан нь АНУ-ын Жонс Хопкинсийн их сургууль, Эмори их сургууль болон бусад түнш байгууллагуудтай хамтран сүрьеэтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг Монгол Улсад дэмжин хэрэгжүүлэх, талуудын хамтын ажиллагааг уялдуулан зохион байгуулахад дэмжлэг үзүүлнэ.
Энэ хүрээнд Жонс Хопкинсийн их сургуулийн Zero TB in Kids Initiative олон улсын төслийн хүрээнд Монгол Улсад хүүхдийн сүрьеэгийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, тандалт, хяналтыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллана.
Дилав Хутагт сан нь уг төслийг Монгол Улсад дэмжин хэрэгжүүлэгч байгууллагаар ажиллаж, 2025 онд Эрүүл мэндийн сайдын А/38 дугаар тушаалын хүрээнд Үндэсний сүрьеэгийн хөтөлбөрийг дэмжин, “Сүрьеэгүй Завхан” төслийн пилот үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж, 1,800 хүүхдэд хүрч ажилласан байна.
Цаашид энэхүү санаачилгыг цар хүрээг нь тэлж, Улаанбаатар хотын зорилтот дүүргүүдэд хэрэгжүүлэн, хүүхэд, өсвөр үеийнхнийг сүрьеэгийн халдвар, өвчлөлөөс хамгаалах, сүрьеэг устгах үндэсний зорилтод хувь нэмэр оруулах юм.
Сүрьеэ нь хүүхэд, өсвөр үеийнхэн болон сургууль, дотуур байр, сүм хийд зэрэг олон нийтийн орчинд амьдарч буй хүн амын дунд тулгамдсан нийгмийн эрүүл мэндийн чухал асуудал хэвээр байна.
Иймд төр, төрийн бус болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, сүрьеэгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд энэхүү санамж бичиг чухал ач холбогдолтой юм.











