УНТЭ-ийн мэс заслын эмч нар АНУ-ын “Virtue Foundation“-ийн эмч нартай хамтран эвэрлэг бүрхүүл шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Нүд Судлалын Мэс Заслын тасгийн хамт олон АНУ-ын төвтэй Virtue Foundation-ийн эмч нартай хамтран 2026 оны 05 дугаар сарын 25-наас 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд эвэрлэг бүрхүүлийн эмгэгтэй нийт 42 эмчлүүлэгчид үзлэг, оношилгоо хийлээ.
Үзлэгийн үр дүнд хараа нь эрс буурч, эвэрлэг бүрхүүл шилжүүлэн суулгах мэс заслын заалттай 6 эмчлүүлэгчийг сонгон өндөр түвшний нарийн мэргэжлийн мэс заслыг амжилттай хийж, хараа сэргээх боломжийг бүрдүүлэв.
Тодруулбал, 3 эмчлүүлэгчид эвэрлэг бүрхүүлийг бүтэн давхаргаар нь шилжүүлэн суулгах мэс засал (Penetrating Keratoplasty – PKP), 3 эмчлүүлэгчид Эвэрлэгийн эндотелийн давхаргыг шилжүүлэн суулгах мэс засал (Descemet Stripping Endothelial Automated Keratoplasty – DSEAK) амжилттай хийжээ.
Эдгээр мэс заслыг Virtue Foundation-ийн эвэрлэг, болрын мэс засалч Dr. Leela Raju, УНТЭ-ийн Эвэрлэг, болрын мэс засалч Т.Ундармаа нарын удирдлага дор Нүд Судлалын Мэс Заслын Тасаг, Мэдээгүйжүүлэг, Хагалгааны Нэгдсэн Тасгийн эмч, сувилагч, асрагч болон бусад мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааны үр дүнд амжилттай гүйцэтгэжээ.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад эвэрлэг бүрхүүлийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, дэлхийн жишигт нийцсэн дэвшилтэт технологи, эмчилгээний арга барилыг нэвтрүүлэх, үйлчлүүлэгчдэд эх орондоо өндөр чанартай тусламж үйлчилгээг авах боломжийг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.

Мөн энэхүү үйл ажиллагааны хүрээнд Монголын эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашдын тогтвортой хөгжлийн суурийг тавихад онцгой ач холбогдолтой байлаа.
Хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн Virtue Foundation-ийн эмч, мэргэжилтнүүд болон энэхүү үйл ажиллагаанд хүчин зүтгэл гарган оролцсон нийт хамт олондоо УНТЭ-ийн хамт олны зүгээс талархал илэрхийллээ.











