“Экологийн асуудал хариуцсан алба хаагчдын сургалт, зөвлөгөөн”-д 80 гаруй алба хаагч оролцож байна

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, ЦЕГ-ын Экологийн алба, Монголын байгаль хамгаалагчдын холбоо хамтран байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байцаагч, экологийн цагдаа нарын нэгдсэн чуулганыг зохион байгуулсан.
Уг чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, эко системийг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, цөлжилтөөс сэргийлэх болон байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх үйлсэд хүчин зүтгэж байгаа бүх хүнд талархал илэрхийлсэн билээ.
Тэгвэл өнөөдөр уг чуулганы үргэлжлэл болгож ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хамтран “Экологийн асуудал хариуцсан алба хаагчдын сургалт, зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга Ж.Батбаатар, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны дарга Б.Оюутболд, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын албаны дарга Б.Оюу-Эрдэнэ болон нийслэл, 21 аймгийн экологийн асуудал хариуцсан алба хаагчид оролцож байна.

Үйл ажиллагааг нээж ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга Ж.Батбаатар хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд үүсээд буй геополитик, геостратегийн нөхцөл байдалтай холбоотойгоор ашигт малтмал, байгалийн баялаг, газрын ховор элеминт, үр тариа, ургамал, бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт зэргээс шалтгаалсан хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал улс орон бүрийн нэн тулгамдсан сорилт болж байна. Монгол Улс дээрх эрсдэлт нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, байгаль орчноо хамгаалах, экосистемийн нөхөн сэргээх, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлыг төрийн бодлогын хэмжээнд анхаарч, олон талт ажил, арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байна. Үүний нэг илрэл нь өчигдөр зохион байгуулагдсан “Байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байцаагч, экологийн цагдаа нарын нэгдсэн чуулган” юм. Энэ танхимд цугларсан хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэж буй та бүхэнд ажлын амжилт хүсье” хэмээлээ.

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны дарга Б.Оюутболд:
Сүүлийн жилүүдэд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн тоо нэмэгдэж, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж буй үйлдлийн арга нь нарийсч байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж, таслан зогсоож буй экологийн цагдаагийн алба хаагчдыг мэргэшүүлэх шаардлагатай байна. Экологийн цагдаагийн алба хаагчид монгол улсын үндсэн хуулиар олгогдсон иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хэрхэн, яаж хамгаалах, хүний эрхийг хэрхэн яаж дээдлэх, байгаль хамгаалагч, экологийн цагдаа нар өөрсдөө хэрхэн эрхээ хамгаалуулах, ажил төрлөө хэрхэн гүйцэлдүүлэх талаар сургалтыг зохион байгуулж байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг хянан шийдвэрлэх явцад хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн нотлох баримтыг бэхжүүлж авах, цуглуулах, шинжээч томилох, экологи, эдийн засгийн дүгнэлт гаргуулах зэрэг тулгамдаж буй асуудлуудын талаар холбогдох мэргэжлийн байгууллагууд ирж мэдээлэл өгч байгаа нь алба хаагчдад илүү үр дүнтэй сургалт болж байна.

Цагдаагийн байгууллагад сүүлийн 10 жилийн хугацаанд хүрээлэн буй орчны эсрэг 10,500 орчим гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн. Үүнээс хамгийн их бүртгэгдэж буй гэмт хэрэг нь хууль бусаар мод бэлтгэх, хууль бусаар ашигт малтмал олборлох, хууль бусаар ан амьтан агнах хэргүүд бүртгэгдсэн аж.
Тиймээс ЭЦА-аас иргэдэд энэ төрлийн мэдээллийг өгөх, иргэдээс мэдээлэл авах зэрэг олон ажил, арга хэмжээг зохион байгуулж байна.











