УГТЭ “ХААН Банк“ Сантай хамтран урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийг орон нутагт зохион байгуулна

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг ХААН Банк Сангийн 2026 онд хэрэгжүүлэх нийгмийн хариуцлагын төсөл, хөтөлбөрүүдэд хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн чиглэлийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэг, олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих төсөл, арга хэмжээнүүдийг орон нутагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Тодруулбал, Улсын гуравдугаар төв эмнэлэг нь Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, МҮОНРТ болон ХААН Банк Сантай хамтран хэрэгжүүлдэг “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг 2026 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр боллоо. Энэхүү аяныг Завхан, Архангай, Говьсүмбэр аймаг болон Дорноговь аймгийн Замын-Үүд суманд зохион байгуулахаар төлөвлөж байна.

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” нь 2017 оноос хойш улс орон даяар амжилттай хэрэгжиж буй бөгөөд иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулах, эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл хүргэх, зүрх судасны өвчлөлийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн үр дүнтэй төсөл юм.
Улсын гуравдугаар төв эмнэлэг цаашид иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах болно.





















