УГТЭ-ийн эмч нарын баг Ховд аймагт тээвэрлэх боломжгүй хоёр хүнд мэс заслыг амжилттай хийжээ

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын баг Ховд аймагт ажиллаж, Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв-ийн эмч, мэргэжилтнүүдэд “Мэдрэлийн мэс заслын орчин үеийн чиг хандлага, орон нутгийн эмнэлзүйн практикт” сэдэвт онол, практикийн сургалтыг зохион байгуулж байна.
Тус сургалтын хүрээнд мэдрэлийн мэс заслын орчин үеийн оношилгоо, эмчилгээний арга барил, эмнэлзүйн туршлага, хамтын ажиллагааг орон нутгийн эмч мэргэжилтнүүдтэй хуваалцаж байгаа бөгөөд практикт суурилсан мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Мөн багийн эмч нар орон нутгийн иргэдэд мэдрэлийн нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо хийж, шаардлагатай тохиолдолд хамтарсан мэс засал хийх юм.
Энэхүү хамтын ажиллагаа нь орон нутгийн иргэдэд чанартай, хүртээмжтэй нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг ойртуулж, орон нутгийн эмч мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Түүнчлэн энэ үеэр Мэдрэлийн мэс заслийн баг Ховд аймагт тээвэрлэх боломжгүй хоёр өвчтөнд мэс заслыг амжилтай хийжээ.
Ховд аймаг ангиографийн аппараттай болсон бөгөөд уг аппаратаар тархины судасны зураг авах, харвалтын үед бөглөрсөн судсыг оношлох, мэдрэлийн мэс засал болон судасны эмчилгээнд ашиглах боломж бүрдсэн. Өнөөдрийн байдлаар хоёр мэс засал хийсэн. Үүнд тархины судасны цүлхэнтэй хүнд судсан дотуурх ажилбар хийж, цүлхэн бөглөх мэс засал, рефлексийн мэс засал, нурууны мэс засал, шунт мэс засал хийхээр төлөвлөснөөс дөрвөн ажилбар хийгээд байгаа юм байна.
