АШУҮИС-ийн “Хоол боловсруулах эрхтэний дурангийн сургалтын төв“ байгуулагдсанаар оюутнууд ОУ-ын жишигт нийцсэн тэнхимд дадлага хийнэ

АШУҮИС-ийн анагаах ухааны сургуулийн хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим, эмнэлзүйн ур чадварын төвийн дэргэд "Хоол боловсруулах эрхтэний дурангийн сургалтын төв" байгуулагдаж, өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж, Монгол Улсын хүний гавьяат эмч, АШУҮИС-ийн хүндэт профессор, АУ-ны доктор, профессор Б.Давгадорж, АШУҮИС-ийн ХБЭЗ-ын тэнхимийн эрхлэгч Ц.Бямбажав болон бусад хүндэт эрхмүүд уригдан оролцлоо.

Үйл ажиллагааг нээж, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж хэлсэн үгэндээ "АШУҮИС нь оюутнууддаа нотолгоонд суурилсан анагаах ухааныг өндөр түвшинд хүргэхийг гол зорилгоо болгон ажилладаг. Тэгвэл өнөөдөр энэ ажлын томоохон хэсэг болох "Хоол боловсруулах эрхтэний дурангийн сургалтын төв" ашиглалтад орж байна. Нотолгоонд суурилсан анагаах ухаан, хоол боловсруулах замын эрхтэн судлал, эмгэгийг оношлох, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхэд тус бааз томоохон үүргийг гүйцэтгэнэ гэж харж байна.
Сайн дурангийн эмчийг бэлтгэхийн тулд дадлага туршлага маш чухал. Тиймээс гардан үйлдлийн дурандах профессыг заах уг төвийг дагаад сургалтын олон хөтөлбөрүүдийг шинээр батлуулах ажлыг мөн эхлүүлээд байна. Төвд багшлах боловсон хүчин болон багаж, тоног төхөөрөмжийг олон улсын стандартад нийцүүлэн тохижууллаа." гэдгийг онцоллоо.
АШУҮИС, Анагаах ухааны сургууль, Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим, Монгол Японы эмнэлэг хамтран уг тэнхимийг ашиглалтад оруулсан бөгөөд ходоод болон бүдүүн гэдэсний дуран, танхимын болон онлайн сургалт хийх, олон улсаас зөвлөгөө авах зэрэг олон давуу талтай аж.











