Улаанбурхан өвчний улмаас хоёр хүүхэд энджээ

Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний батлагдсан нийт тохиолдол 14 мянга 562 хүрээд байгаагаас нийслэлд 11 мянга 759, орон нутагт 2798 тохиолдол бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 2026 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр мэдээлснээр сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгджээ.
Одоогийн байдлаар эмнэлэгт нийт 62 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас нийслэлд 39, хөдөө орон нутагт 23 хүн байгаа аж. Мөн гэрийн хяналтад гурван хүн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд Улаанбурхан өвчний улмаас хоёр хүүхэд эндсэн тохиолдол бүртгэгдсэн байна.
Насны бүлгээр авч үзвэл, 10-14 насны хүүхдүүдийн дунд өвчлөл хамгийн өндөр буюу 5265 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн 0-4 насны 3,579, 5-9 насны 1,855, 15-19 насны 1,796 хүүхэд Улаанбурханаар өвджээ. Улаанбурхан нь халдварлах чадвар өндөртэй ч вакцинаар бүрэн сэргийлэх боломжтой халдварт өвчин гэдгийг эрүүл мэндийн байгууллагууд онцолж байна. Иргэд та бүхэн вакцинд хамрагдсан эсэхээ өрх, сумын эрүүл мэндийн төвд шалгуулж, шаардлагатай тохиолдолд нөхөн дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байна.


