Н.Сүхтулга: Эрчүүд кегелын дасгал тогтмол хийвэл түрүү булчирхайн томролоос сэргийлээд зогсохгүй бэлгийн үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй
2026 оны 3 сарын 18

Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Урологи-Андрологийн тасгийн эмч Н.Сүхтулгаас эрчүүдэд хамгийн их тохиолддог өвчний нэг болох түрүү булчирхайн томролын талаар мэдээлэл хүргэж байна.
Түрүү булчирхай нь эрэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтний нэг бөгөөд давсагны доод хэсэгт шээсний сувгийг хүрээлэн оршдог хушганы хэмжээтэй эрхтэн юм. Түрүү булчирхайн хоргүй томрол нь эрчүүдэд нас ахихад түгээмэл тохиолддог эмгэг. Томорсон түрүү булчирхай нь давсагнаас шээс гарах урсгалыг саатуулах, шээхэд хүндрэлтэй шинж тэмдгүүдийг учруулдаг.
Түрүү булчирхайн томролын шалтгаан бүрэн тогтоогдоогүй. Гэвч эрэгтэй хүн нас ахихад бэлгийн дааврын тэнцвэрт байдал өөрчлөгдсөнтэй холбоотой байж магадгүй гэж үздэг.
Эрсдэлт хүчин зүйлс:
- Насжилт. 40-өөс дээш насны эрчүүдэд түрүү булчирхай томролын шинж тэмдэг ховор байдаг. Харин 60 насанд эрчүүдийн 1/3, 80 насанд 50%-д шинж тэмдэг дундаас хүнд зэргээр илэрдэг байна.
- Гэр бүлийн түүх. Эцэг болон ах нь түрүү булчирхайн асуудалтай байсан бол эрсдэл нэмэгдэнэ.
- Чихрийн шижин болон Зүрхний эмгэг. Эдгээр эмгэг болон артерийн даралт буулгах бета-хориглогч бүлгийн эмийн хэрэглээ нь түрүү булчирхайн томролын эрсдэлийг ихэсгэдэг болохыг судалгаанууд харуулсан байна.
- Амьдралын хэв маяг. Таргалалт уг эмгэгийн эрсдэлийг ихэсгэдэг бол дасгал хөдөлгөөн эрсдэлийг бууруулдаг байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
667990
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





