Нэгдүгээр эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах баг Монгол Улсад анх удаа донороос элэг тайрах мэс заслыг дурангийн аргаар бие даан хийлээ

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт Элэг шилжүүлэн суулгах баг анх 2009 онд байгуулагдаж, анхны мэс заслаа 14 жилийн өмнө буюу 2011 оны есдүгээр сарын 24-ний өдөр БНСУ-ын Асан анагаах ухааны их сургуулийн элэг шилжүүлэн суулгах багийн хамт олонтой хийж байсан түүхтэй. Өнгөрсөн хугацаанд тус хамт олон олон олон шинэ технологийг нэвтрүүлж, 353 өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийгээд байна.
Тэгвэл тус багийн хамт олон Монгол Улсад анх удаа донорын элэг тайрах мэс заслыг дурангийн аргаар бие даан хийлээ.
Өвчтөн 61 настай эмэгтэй , элэгний B, C, D хавсарсан вирусийн гаралтай элэгний хатуурал, элэгний эрт үеийн хавдартай орсон үйлчлүүлэгч аж. Түүнд охин нь болох 31 настай эмэгтэй элэгний донор болжээ.

Энэ талаар Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч, Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, АШУ-ы доктор, профессор О.Сэргэлэн " Элэгний эмгэг нь эцсийн шатандаа орсон өвчтөний амь насыг аврах ганц арга нь элэг шилжүүлэн суулгах мэс засал байдаг. Тиймээс ч манай багийнхан тасралтгүй л суралцсаар байна. Энэ удаад бид Монгол Улсад анх удаа донорын элгийг дурангийн аргаар тайрах мэс заслыг амжилттай хийлээ.
Өмнө нь энэ төрлийн мэс заслыг Монгол Улсад нэвтрүүлж, гадны эмч нартай хамтран хийж байсан хэдий ч бид өнөөдөр ийнхүү баг хамт олноо уйгагүй сургасны хүчинд дурангийн мэс заслыг өөрсдөө бие даан хийж чаддаг боллоо. Өмнө нь элэг шилжүүлсэн суулгах мэс заслыг хийхдээ донорт маш том зүслэг хийдэг байсан. Энэ нь эдгэрэлт, орны эргэлт, гоо сайханд их нөлөөлдөг байсан. Тэгвэл дурангийн аргаар мэс заслыг хийснээр микроскофоор томруулж харах боломж бүрдэх учраас нарийн судсуудыг барих, таслах, элэгний эдэд гэмтэл маш бага учруулах, гоо сайхныг хадгалах, донорт өвдөлт багатай учраас амьдралын хэвийн хэв маягтаа хурдан орох зэрэг маш олон давуу талтай. Дурангийн аргаар элэг шилжүүлэн суулгах маш том технологийг амжилттай нэвтрүүлж буй Элэг шилжүүлэн суулгах багийн хамт олондоо баяр хүргэе.” гэдгийг энэ үеэр онцолж байсан юм.

Төрийн соёрхолт, УНТЭ-ийн Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн зөвлөх, элэг шилжүүлэн суулгах багийн гишүүн Д.Чулуунбаатар:
Элэг шилжүүлэн суулгах мэс заслын мэдээгүйжүүлэг нь маш удаан үргэлжилдэг. Дунджаар 15-20 цаг орчим өвчтөнийг унтуулах, мэс заслын үед гарах хүндрэл, эрсдэлд унтуулгын эмч бэлэн байх ёстой. 10 жилийн хугацаанд элэг шилжүүлэг суулгах баг маань элэг шилжүүлэн суулгах мэс заслыг олон төрлөөр хийлээ. Жишээлбэл, амьд донороос элэг шилжүүлэн суулгах, тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгах, баруун, зүүн дэлбэнг тайрах, хүүхдэд элэг шилжүүлэн суулгах, цусны бүлэг ондоо хүнээс хийх зэрэг маш олон төрлийг нутагшуулаад байна. Тэгвэл энэ удаад багийн хамт олон маань дэлхийд тэргүүлэх технологийг өөрсдөө бие даан анх удаа амжилттай хийлээ. Багийнхандаа баяр хүргэе.

Элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон өвчтөний нэг жил амьдрах хувь 93.6 хувь, 3 жил амьдрах чадвар - 92,3 хувь, 5 жил амьдрах чадвар - 92,3 хувь байгаа нь дэлхийн өндөр хөгжилтэй орны элэг шилжүүлэн суулгах бусад төвүүдийн үзүүлэлтэй дүйцхүйц хэмжээнд хүрсэн. Энэ нь УНТЭ-ийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн Элэг шилжүүлэн суулгах багийнхны том амжилт юм.
























