Д.Очирбат: Нэгдүгээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ ноцтой зөрчигдсөн тохиолдол гараагүй гэсэн албан мэдээлэл ирсэн

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат өнөөдөр /2026.3.4/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
-Тэрбээр "Байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдах ёстой. Тиймээс дараагийн үүрэг гүйцэтгэгчийг томилсон. ТУЗ гүйцэтгэх захирлыг томилж, өдөр тутмын дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй зарчимтай. Харин дарга нарыг чөлөөлөх эсэх асуудал нь гүйцэтгэх захирлын бүрэн эрхийн хүрээний асуудал. Надад ирсэн мэдээллээр Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр тодорхой хүндрэлүүд үүссэн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэгдсэн.
Тухайлбал, тоног төхөөрөмжийн эвдрэл, зарим үйл ажиллагааны доголдлын талаар дурдсан. Гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар эмнэлгийн тусламж үйлчилгээ ноцтой зөрчигдсөн тохиолдол гараагүй гэсэн албан мэдээллийг надад өгсөн.
Эрүүл мэндийн даатгалын салбарт бид томоохон шинэчлэлүүдийг хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас шинэ тогтоол батлагдсан. Уг тогтоолын хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээний санхүүжилтийн бодлогод өөрчлөлт орж байгаа. Даатгалын сангийн нөөц хүрэлцэхгүй байгаа тул эхний ээлжинд яаралтай тусламж үйлчилгээг хязгаарлалтгүйгээр санхүүжүүлнэ. Харин төлөвлөгөөт мэс засал, хагалгаанд 20 хувийн санхүүжилт олгохоор зохицуулсан. Мөн эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийг тодорхой хязгаарын цэг хүртэл ашигтай, доголдолгүй ажиллах боломжийг бүрдүүлж, цаашид хязгаарлалт хийхгүй байх санал боловсруулсан. Эм, эмнэлгийн хэрэгслийн өрийн асуудал нэлээд хөндөгдөж байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас жил бүр сар бүрийн гүйцэтгэлийн санхүүжилтийг олгодог. Харин уг санхүүжилтийг хэрхэн зохицуулах эрх, үүрэг нь тухайн эмнэлгийн удирдлагад байдаг. Иймд эмийн өр үүсэх, хомсдол бий болох асуудал нь тухайн байгууллагын удирдлагын менежменттэй шууд холбоотой" гэв.






