Т.Урансайхан: Хоёрдугаар эмнэлэг ходоодны хавдрын эрт болон хожуу үеийн хавдрын эмчилгээг цогцоор нь хийж байна

Хавдрын эсрэг Дэлхийн өдөр нь жил бүрийн 02 сарын 04-ний өдөр тохиодог бөгөөд энэхүү өдрийн зорилго нь хавдрыг эрт үед нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, иргэдийг зөв мэдээллээр хангах явдал юм.
Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг нь “ХОДООДНЫ ХАВДРААС СЭРГИЙЛЬЕ” нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулж байна. Энэ үеэр хавдрын нарийн мэргэшлийн эмчийн нарын зөвлөгөө, оношилгоо болон урьдчилан сэргийлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

УХТЭ-ийн Хавдрын химийн эмч Т.Урансайхан:
УХТЭ нь жил бүр "Хавдрын эсрэг өдөр"-ийг зохион байгуулдаг. Энэ жил бид ходоод болон хоол боловсруулах эрхтэний хавдрыг эрт оношлох, илрүүлэх, эмчлэх талаар иргэдэд мэдээлэл өгч байна. Ходоодны хорт хавдар нь Монгол Улсад тохиолдож байгаа нийт хорт хавдрын хоёрдугаарт, нас баралтын мөн хоёрдугаарт бичигддэг. Тиймээс энэ өвчний талаар иргэдэд мэдээлэл өгөх, эрт илрүүлэх нь чухал байгаа юм.
УХТЭ-ийн хувьд эрт үеийн хавдрын үед ходоодны салст хуулах эмчилгээг хийж, хими болон бай эмчилгээг хийж байна. Үүнээс гадна дархлаа эмчилгээг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Өдөрлөгт дүрс оношилгоо, ПЕТ СТ, химийн эмч, мэс заслын эмч зэрэг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, мэдээлэл өгч байна.

УХТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Э.Баярбат:
УХТЭ ходоодны хавдрын бүх төрлийн оношилгоо, эмчилгээг цогцоор нь хийж байна. Дэлхийн жишигт робот мэс заслыг хөгжүүлж байгаа бол манай эмнэлэг нь энэ төрлөөр эмч, мэргэжилтнүүдээ бэлтгэсэн байгаа.
Дэлхийн эрүүл мэндийн чиг хандлагад эрхтэн хадгалж үлдэх мэс заслыг улам хөгжүүлж байна. Бид ч гэсэн энэ чиг хандлагатай хөл нийлүүлэн ажиллаж байна.
Ходоодны хорт хавдрыг өмнө нь сүүлийн шатанд нь мэдэх тохиолдол их байдаг байсан. Тэгвэл сүүлийн үед эрт илрүүлэгт хамрагдах иргэдийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор эрт үед нь оношлуулж, эмчилгээг эрт эхлүүлэх тохиолдол нэмэгдсэн. Эрт үед нь илрүүлэх нь хэвлийг заавал нээж, мэс засал хийлгүйгээр дурангийн аргаар шийдвэрлэхээс гадна химийн эмчилгээнд орох шаардлагагүй байдаг.
Ходоодны хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд буруу хадгалсан хоол хэрэглэхгүй байх, хайрсан хуурсан хоол идэхгүй байх шаардлагатай. Үүнээс гадна архи, тамхины зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх хэрэгтэй.















































