УГТЭ, ГССҮТ, Интермед эмнэлгийн хамт олон УНТЭ-т нэвтрүүлсэн эмийн ухаалаг систем болон зарим шинэ технологитой танилцлаа

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг нь түүхт 100 жилийн ойгоо угтан Монгол Улсын эмнэлгийн салбарт анх удаа эмийн ухаалаг системийг нэвтрүүлсэн. Тус системийг нэвтрүүлснээр эмийн хадгалалт, эмийн тохироо, савлалт бүгд автомат болсон юм.
Тэгвэл өнөөдөр Улсын Гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Интермед эмнэлгийн төлөөлөл УНТЭ-ийн эмийн ухаалаг системийн үйл ажиллагаа болон нэвтрүүлсэн шинэ технологитой танилцлаа.

УНТЭ-ийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэн энэ үеэр “Монгол Улсын эрүүл мэндийн салбарт бид эмийн ухаалаг цогц технологийг нэвтрүүлсэн. Энэ нь Монгол Улсдаа анхдагч ухаалаг цогц технологи учраас төрийн болон улсын олон эмнэлгүүд туршлага судлах хүсэлтийг ирүүлсэн. Энэ хүрээнд өнөөдөр гурван эмнэлгийн байгууллага ирж туршлага судаллаа.
Тус тоног төхөөрөмжийн тусламжтайгаар эмийн хугацаа дуусахыг хянах, үйлдвэрлэгчийн заавраас ирсэн хадгалах горимд хадгалах, нөөцийн удирдлагаа хийх боломжтой болсноос гадна нэгж тунгийн машины тусламжтайгаар харилцан нөлөөлөлтэй эмийг хооронд нь савлах боломжтой болсон.
Товчоор хэлбэл уг төхөөрөмжийн тусламжтайгаар эмч, эм зүйч, сувилагч нарын үйл ажиллагааг хөнгөвчлөхөөс гадна нэгдүгээр эмнэлэгт хэвтэж буй иргэдэд зөв, аюулгүй эмийг олгох боломж нээгдсэн.
Эмийн цогц технологийг нэвтрүүлэхэд IT, эм зүйн албадууд маш сайн ажиллаж богино хугацаанд нэвтрүүлсэн. Бидний зүгээс тус эмнэлгүүдэд онолын болон мэргэжлийн туслалцаагаар хангаж ажиллахад бэлэн байна гэдгийг энэ ташрамд хэлэхэд таатай байна.
УНТЭ нь 2025 оныг цахимжуулах ажлын хүрээнд таван шинэ технологийг нэвтрүүлсний нэг нь тус систем юм. Үүнээс гадна үйлчлүүлэгчийн цаг авах AI Технологи, эмнэлгийн ариутгалын багажийг ариутгах технологи, эмч, ажилчдын KPI-ыг үнэлэх ухаалаг систем, сувилагч нарын ажлыг цахимжуулах зэрэг таван томоохон ажлыг нэвтрүүлсэн. Үүнийг дээрх гурван эмнэлэг мөн суралцаж, эмнэлэгтээ нэвтрүүлэх ажлыг ярилцлаа.” гэдгийг энэ үеэр онцоллоо.

ГССҮТ-ийн дэд захирал Б.Батзориг энэ үеэр “УНТЭ-т шинээр нэвтрүүлсэн технологи, ажлын арга барилтай танилцлаа. Үүнээс онцлох технологи нь эмийн ухаалаг системээс гадна хөтөч, ариутгалын шинэ шийдэл нь маш их таалагдаж, цаашид бид өөрсдийн эмнэлэгтээ нэвтрүүлэх шаардлагатай байна гэж харж байна.” хэмээлээ.

Интермэд Эмчилгээ эрхэлсэн захирал А.Саранбаатар:
УНТЭ-т нэвтрүүлсэн шинэ технологитой танилцах, туршлага солилцох уулзалтыг зохион байгууллаа. Тус эмнэлэг энэ онд таван онцлох цахим ажлыг эхлүүлж, эмнэлэгтээ нэвтрүүлсэн нь онцлогтой санагдаж байна. Үүн дотор эмийн ухаалаг технологи бол өвчтөн, үйлчлүүлэгчиддээ ээлтэй систем болсон байна. УНТЭ нь төрийн болон хувийн хэвшлийн компанид туршлагаа харамгүй хуваалцаж байгаад талархал илэрхийлье.























