Л.Сүнжидмаа: Өвөрхангай аймагт нярайн төрөлхийн эмгэгийг эрт үед нь оношилж, илрүүлэх шинжилгээний төв нээгдлээ
Дөнгөж төрсөн нярайн ердөө 5 дусал цусаар төрөлхийн эмгэг байгаа эсэхийг нь оношилж, илрүүлэх 6 дах төв Өвөрхангай аймагт нээлтээ хийсэн юм. Энэ талаар Өвөрхангай аймгийн БОЭТ-Нярайн эмч Л.Сүнжидмаагаас тодрууллаа.
Танай аймагт жилд дунджаар хичнээн нярай төрдөг вэ. Эрт илрүүлэгт хамрагдахын ач тус?
Өвөрхангай аймагт нярайн төрөлхийн эмгэгийг эрт үед нь оношилж цаашид эрүүл өсөн бойжих нөхцөлийг бүрдүүлэх шинжилгээний төв нээгдэж байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм. Манай аймагт жилдээ 2100-2300 орчим нярай төрдөг.
Төв нээгдсэнээр төрсөн нярай бүрт нярайн эрт үеийн шинжилгээ оношилгоог цаг алдалгүй хийх улмаар удам зүйн эмгэг, бодисын солилцооны эмгэг, дотоод шүүрлийн эмгэгийг эрт үед нь илрүүлэн оюуны хомсдолтой болон хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх өндөр ач холбогдолтой.
Манай аймгийн хувьд 1500-2000 төрөлтөд нэг эмгэг өөрчлөлттэй хүүхэд төрдөг судалгаа бий. Энэхүү төв нь хөдөөгийн ард иргэдэд ойртож болзошгүй эрсдлээс ирээдүй болсон нялх үрсийг хамгаалж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой байна. Сумдад, аймагт төрсөн бүх хүүхдэд оношилгоо хийгднэ. Эмч ажилчидын хувьд шинжилгээний сорьц болоод бусад үйл ажиллагаагаа маш нарийн хариуцлагатай зохион байгуулж хийх нь ихээхэн чухал байна.