Ж.Байгалмаа: Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 22 хувь нь амьсгалын замын гоц халдвартай байна
Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл өглөө. Томуугийн халдвар идэвхжиж байгаа тул өрх, дүүргийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж эхэлсэн.
Дүүргийн хүүхдийн эрүүл мэндийн кабенитууд ажлын өдөр 17-21 цаг, бямба гарагт 12-18 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна. Өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 20.00 цаг хүртэл, ням гарагт 10-15 цаг хүртэл ажиллаж байна.
ХӨСҮТ-ийн захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа "Монгол улсын хэмжээнд томуу томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд идэвхжлийн түвшин буюу шар түвшинд байна. Томуугийн идэвхжил манай улсад аравдугаар сарын эхээр эхэлсэн бол 48 долоо хоногийн дараа улсын хэмжээнд амбулториор үйлчлүүлэгчдийн 5.6 хувь нь томуугийн халдвартай байна. Эмнэлэгт хэвтэж байгаа үйлчлүүлэгчдийн 22 хувь нь амьсгалын замын гоц халдварт өвчтэй байна.
Улсын хэмжээнд дөрвөн аймаг шар түвшний дараагийн түвшин буюу улбар шар түвшинд хүрсэн байна. Улсын хэмжээнд вирус тандалтыг хийдэг бөгөөд Булган, Дархан-Уул, Сүхбаатар, Хэнтий аймгуудад томуугийн халдвар өндөр байна.
Вирус судлалын тандалтаар амьсгалын замын синтициальвирус, аденовирус, метапневмовирус хамгийн түгээмэл буюу өндөр хувийн тархалттай байгаа.
Манай улсад А хүрээний H1,H3 вирус зонхилж байгаа аж. Манай хөрш зэргэлдээ улсууд болон БНХАУ, БНСУ улсуудад томуугийн халдвар өндөр байна.
Хятад, Солонгост дээрх вирусүүд мөн адил өргөн тархалттай байгаа юм байна. " гэв.
Мөн томуугийн улирал Арванхоёрдугаар сарын сүүл, Нэгдүгээр сарын дунд орчим хүртэл нэлээд өндөр хувьтай үргэлжлэх учир олон нийтийн газраар явахдаа амны хаалтаа зүүж, гараа тогтмол угаахыг зөвлөлөө.