Хүүхдүүд сүрьеэ өвчний халдварыг эцэг, эх болон хамаатнуудаасаа авах нь их байна
Монгол Улс нь хүүхдийн сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны тоонд багтдаг талаар мэргэжилтнүүд ярьдаг.
ДЭМБ-аас өгдөг зөвлөмжийн дагуу хүүхдийн сүрьеэг таван хувь дотроо барьж байвал хэвийн гэж үздэг. Гэтэл 2022 онд хийгдсэн тоон судалгаанаас харахад Баянзүрх дүүргийн хэмжээнд хүүхдийн сүрьеэгийн өвчлөл 12,1 хувьтай гарчээ. Энэ нь хүүхдийн сүрьеэгийн өвчлөл өндөр байгааг харуулж байгаа юм.
Хүүхэд тав хүртэлх насандаа нийгмийн идэвхтэй харилцаанд ордоггүй. Тэгэхээр хүүхдүүд сүрьеэ өвчний халдварыг ар гэрийнхэн болон хааяа хардаг асран хамгаалагч нараас авах тохиолдол их байгаа аж.
Иргэд сургуулиас, багш нараас халдвар авсан гэж ярих нь бий. Гэтэл намар хичээл эхлэхээс өмнө сургууль, цэцэрлэгийн багш нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг бөгөөд энэ үеэр сүрьеэ өвчний шинжилгээг авдаг аж. Эрүүл багш л хичээл ордог учраас сургууль, цэцэрлэгээс халдвар авах магадлал бага гэсэн үг юм.
Тийм учраас хэрэв танд болон таны ойр дотны хэн нэгэнд ямар нэгэн сэжигтэй шинж тэмдэг илэрвэл яаралтай шинжилгээ өгөх, урьдчилан сэргийлэх шаардлагатай юм.
Үүнээс гадна ханиад, томуугийн улирал эхлэх үед уушги гэмтэх явдал их гардаг. Давтамж нь их байх тусам уушгийг дараагийн өвчлөлд бэлтгэж өгдөг гэсэн үг юм. Тийм учраас хүүхдүүдийнхээ дархлааг дэмжиж, ханиад томуугаас урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал алхмуудын нэг юм.
Хүүхдийн дархлааг дэмжихийн тулд 10, 11 сард биш найман сараас эхлэн Д витамин өгөх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна.