АШУҮИС-ийн сургалтын хөтөлбөр ОЛОН УЛСАД хүлээн зөвшөөрөгдөж, 7 орны 200 гаруй оюутан сурч байна
Дэлхийд өрсөлдөх чадвартай эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС) нь 2021 оноос эхлэн Монгол Улсад анх удаа "Англи хэл дээр хүний их эмч бэлтгэх" сургалтын хамтарсан хөтөлбөрийг (2+4) амжилттай хэрэгжүүлж эхэлсэн.
Тухайлбал, тус хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийн байдлаар АНУ, БНСУ, Лаос улс, Орос, Япон, Канад, Малайд зэрэг долоон орноос 100 гаруй оюутан АШУҮИС-д ирж суралцаж байгаа юм.
Тэгвэл энэ хүрээнд "Хүний их эмч бэлтгэх англи хэл дээрх сургалтын чанар ба багшийн хөгжил" сургалтыг өнөөдөр (2023.08.26) зохион байгуулж байна.
Сургалтыг нээж АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар үг хэлж, Олон Улсын Боловсрол Солилцооны Холбооны ерөнхийлөгч Жей Жонгюул Ли, Нью Токио Анагаах Ухааны Коллежийн захирал, доктор Кристиан Хонг, Гванжугийн Шинжлэх Ухаан, Техникийн Их Сургуулийн захирал Пак Ри Гил, зэрэг олон улсад нэр хүндтэй их сургуулиуд болон коллежуудын хүндэт төлөөлөгч нар оролцлоо.
Хоёр өдөр үргэлжлэх сургалтад гадны эрдэмтэн судлаач, профессоруудаас гадна тус сургуулийн 100 гаруй багш мэргэжилтэн оролцож, харилцан туршлага солилцож байна.
"Гадаадын магадлан итгэмжлэлд хүний их эмч, сувилагч болон нийгмийн эрүүл мэнд, судлаач бэлтгэх зэрэг 3 хөтөлбөрөө амжилттай магадлан итгэмжлүүлсэн"
Энэ талаар АШУҮИС-ийн захирал, АУ-ны доктор, профессор Н.Хүрэлбаатар:
Монгол Улсад анх удаа анагаахын төрөлжсөн нарийн мэргэжлийн чиглэлээр Англи хэл дээр хүний их эмч бэлтгэх сургалтыг явуулж, олон улсын эмч нарыг Монголд сургаж байна.
Энэ хүрээнд 2021 оноос эхлэн гадны оюутнуудыг сургаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар долоон орны 200 гаруй оюутнууд сурч байна. Үүнээс "Англи хэл дээр хүний их эмч бэлтгэх" хөтөлбөрт 100 оюутан хамрагдан суралцаж байна. Энэ жил мөн 20 гаруй оюутныг шинээр элсүүлэхээр төлөвлөж байна.
Эдгээр оюутнуудын хувьд төгсөөд өөрийнхөө эх оронд буюу АНУ, БНСУ, Японд очиж ажиллана. Ингэснээр АШУҮИС-ийн сургалтын хөтөлбөр олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байгаагаас гадна Монгол Улсын боловсролын салбарын түвшинг үнэлүүлж байгаа юм.
Манай сургууль 2022 онд дэлхийн шилдэг их сургуулиудын нэг болох зорилтын хүрээнд гадаадын магадлан итгэмжлэлд хүний их эмч,сувилагч болон нийгмийн эрүүл мэнд, судлаач бэлтгэх 3 хөтөлбөрөө амжилттай магадлан итгэмжлүүлсэн. Өөрөөр хэлбэл, АШУҮИС-д явагдаж байгаа дээрх 3 хөтөлбөрийг олон улсад хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг.
Цаашид нүүр ам судлал, эм зүй, жүдо бариа засал хөтөлбөрүүдийг гадаадад магадлан итгэмжлүүлэхээр ажиллаж байна.
АШУҮИС-ийн хувьд боловсон хүчин бодлогод түлхүү анхаарч ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн сургалтад хамрагдаж байгаа багш нар бүгд англи хэл дээр хичээл ордог гэдгээр давуу талтай юм.
Бид боловсон хүчнийг чадавхжуулах, сургалтын бааз өргөжүүлэх тал дээр дэвшил гаргаж, олон улсын жишигт нийцсэн их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлж байна. Энэ хүрээнд өнөөдөр 5 эмнэлэг, эрдэм шинжилгээ, судалгааны 5 хүрээлэнтэй болсон. Мөн 12 салбар сургууль, хөдөө орон нутагт 3 салбар, лицей сургууль болон ажилчдад зориулсан 2 цэцэрлэг гээд цогцоор нь хөгжүүлэн ажиллаж байна.
Энэ жил гадаадын болон дотоодын оюутнууд зуны эмнэлзүйн дадлага БНСУ-д хийсэн бөгөөд цаашид бид сургалтын хөтөлбөрөө илүү өргөжүүлэн эмнэлзүйн дадлага АНУ-д хийлгэхээр төлөвлөн ажиллаж байна" гэдгийг онцлов.
Олон Улсын Боловсрол Солилцооны Холбооны ерөнхийлөгч Жей Жонгюул Ли:
"Англи хэл дээр хүний их эмч бэлтгэх" сургалтын хамтарсан хөтөлбөр (2+4) амжилттай хэрэгжсэнээр гадаадын болон дотоодын төгсөгчид цаашид олон улсад гарч ажиллах суурийг тавьж, боломжийг нээж өгч байна. Энэ олон улсын хөтөлбөрийн хүрээнд сургалт явуулах гол хүчин зүйл нь багш нар байдаг учраас боловсон хүчнээ чадавхжуулахад илүү анхаарч ажиллаж байгаа нь том дэвшил гэж харж байна.
Энэхүү хөтөлбөр нь урт хугацаанд хэрэгжих том хөтөлбөр байгаа учраас олон улсын оюутнуудыг сонгон шалгаруулалтаар Монголд суралцуулж байгаа. Цаашид энэ хөтөлбөрөөр Монголд маш олон орны оюутнууд ирж суралцах болно гэдэгт итгэлтэй байна.
Нью Токио Анагаах Ухааны Коллежийн захирал, доктор Кристиан Хонг:
Энэхүү хамтарсан хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнууд АНУ болон БНСУ-ын их сургуулиудад мэргэжлийн дадлагын ажлаа хийх боломж бүрдэж байна. Бид олон улсын анагаахын боловсон хүчин бэлдэхэд бага ч гэсэн хувь нэмэр оруулж байгаад баяртай байна. Энэ бол Монгол болон АНУ-ын боловсролын салбарын хамтын ажиллагаа, цаашдын хөгжилд том хувь нэмэр оруулж байгаа гэж харж байна.
Гванжугийн Шинжлэх Ухаан, Техникийн Их Сургуулийн захирал Пак Ри Гил:
Манай их сургууль нь АШУҮИС, МУИС-тай хамтын ажиллагаатай үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ удаагийн айлчлалаар "Англи хэл дээр хүний их эмч бэлтгэх" сургалтын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Бид бүхний хамтын ажиллагаа амжилттай эхэлж байгаад таатай байна.