“Сүрьеэ нь эдгэрдэг өвчин хэдий ч өвчнөө хүндрүүлснээс болоод бид жил болгон 200 хүнээ алддаг“
Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдөр болдог бөгөөд энэ жил “Тиймээ! Бид сүрьеэ өвчнийг устгаж чадна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлcэн.
Сүрьеэ нь дэлхий дахинд Ковид 19-ийн дараах нас баралтад хүргэж буй хоёр дахь гол халдварт өвчин болж байгаа бөгөөд манай улсын хувьд сүрьеэгийн өвчлөл өндөр орны тоонд ордог буюу жилд дунджаар 3,000 гаруй сүрьеэгийн тохиолдол бүртгэгдэж 200 (179-265) хүн нас бардаг байна.
Өнгөрсөн онд улсын хэмжээнд 2,354 сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдсэн ба үүний 174 нь хүүхэд байсныг СТСА-ны статистикч эмч Б.Уранчимэг мэдээлэл өгөх үеэр хэлсэн юм.
Тэрбээр: “Ажилгүй хүмүүс сүрьеэд илүү өртөж байна. Нөгөө талаасаа сүрьеэд өртсөний улмаас ажилгүй болох тохиолдлууд их байсаар байна.
Сүрьеэгээр өвчлөгсдийн 60 хувь нь 15-44 насныхан буюу хөдөлмөрийн насны хүмүүс байна. Уг өвчний улмаас жил бүр дунджаар 2,800 хүн хөдөлмөрийн чадамжаа алдаж байдаг.
Сүрьеэ өвчнийг манай улс 90 хувь эмчилж, эдгэрүүлж байна. Гэхдээ сүрьеэгийн эмчилгээ удаан хугацаагаар буюу хамгийн багадаа зургаан сар түүнээс дээш хугацаагаар хийгддэг учраас эмчилгээний хяналт алдагдах, эмчилгээгээ тасалснаас үр дүнгүй эмчлэгдэж нас барах тохиолдлууд байсаар байна.
Сүрьеэ өвчин эдгэрдэг өвчин хэдий ч бид жил болгон 200 хүнээ сүрьеэгээр алддаг. Эдгээр хүмүүсийн ихэнх нь хожуу илрүүлсэн, өвчнөө хүндрүүлсэн хүмүүс байдаг
Уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэтэй хүн жилд 10-15 хүнд халдвар тараах эрсдэлтэй.
Үндэсний хэмжээнд сүрьеэгийн оношилгооны орчин үеийн тоног төхөөрөмж, шинэ эм, эмчилгээний горимуудыг цаг алдалгүй нэвтрүүлж сүрьеэгээс урьдчилан сэргийлэх эмчилгээ илүү өргөжсөн." гэв.
Сүрьеэ өвчний шинж тэмдэг:
- 14 болон түүнээс дээш хоногоор ханиалгах
- Халуурах
- Турах
- Шөнө хөлрөх
- Хоолны дуршил буурах
- Цэр гарах /цустай/
- Амьсгаадах
- Цээжээр өвдөх
“Эрт илрүүлгээр 1,334 хүн сүрьеэтэй байж болзошгүй гэж оношлогдсон ч нарийвчилсан үзлэг шинжилгээнд хамрагдахгүй байна”
Өнгөрсөн онд хүн амын дунд өрнүүлсэн эрт илрүүлгээр зургаан сарын хугацаанд 214,526 иргэн хамрагдсанаас сүрьеэтэй байж болзошгүй тохиолдол 1,334 бүртгэгдсэн байна. Гэвч эдгээр хүмүүсийн 389 нь л онош баталгаажуулах нарийвчилсан үзлэг шинжилгээнд хамрагдаж түүнээс сүрьеэгийн таван тохиолдлыг илрүүлж, эмчилгээ, хяналтад оруулсан байна.
Тиймээс ард иргэдийг сүрьеэтэй байж болзошгүй гэж оношлогдсон бол заавал эмнэлэгт очиж нарийвчлан оношлуулахыг ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт, судалгааны албанаас санууллаа.