Эрүүл мэндийн ирээдүйн стратегийн хэлэлцүүлэг үргэлжилж байна Эрүүл мэндийн ирээдүйн стратегийн хэлэлцүүлэг үргэлжилж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл мэндийн ирээдүйн стратегийн хэлэлцүүлэг үргэлжилж байна

2022 оны 11 сарын 03

Arslan.mn

Монгол Улсад Эрүүл мэндийн ирээдүйн стратегийн хэлэлцүүлэг нь (ЭМИСХ)  2020 оноос эхэлсэн бөгөөд COVID-19 цар тахлын улмаас хойшлогдсон хэдий ч 2021 оноос эрчимжин төлөвлөлтийн дагуу амжилттай хэрэгжиж байна. 

Эрүүл мэндийн ирээдүйд чиглэсэн стратегийн хэлэлцүүлэг нь хурдацтай өөрчлөгдөн хувирч буй нөхцөл байдалтай уялдуулан эрүүл мэндийн тулгамдсан асуудлаа шийдвэрлэж чадахуйц эрүүл мэндийн тогтолцоог цаг тухайд нь бий болгох үйл явцад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. 

Монгол Улс “Алсын Хараа 2050” урт хугацааны бодлогоо хэрэгжүүлж эхлээд байгаа энэ үед ДЭМБ-ын зүгээс ирээдүйгээс эргэн төлөвлөх аргачлалын хүрээнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын 2050 он хүртэлх хэтийн төлөвийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Энэ нь үргэлжилсэн үйл явц бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшил болон академик байгууллагын төлөөллийг оролцуулан өөрчлөлтийн чиг хандлагыг олон улсын болон дотоодын түвшинд тодорхойлж, улмаар  ирээдүйд бий болох өөрчлөлтийн талбаруудыг улс төр, эдийн засаг, нийгэм, уур амьсгалын өөрчлөлт, технологийн дэвшилтэй уялдуулан өргөн хүрээнд судалж, цаашид 2050 он хүртэлх тодорхой үе шаттай зорилтуудад хэрхэн яаж хүрэх талаарх эрүүл мэндийн салбарын “Өөрчлөлтийн хөтөлбөр”-ийг “ирээдүйгээс эргэн төлөвлөх” арга замаар бий болгох юм.

ДЭМБ-аас ЭМИСХ-ийн эхний хоёр үе шатыг дуусгаад байна. Эхний үе шатанд эрүүл нийгэм ба эрүүл хүмүүс, эрүүл орчин, дижитал технологи ба инноваци гэсэн  тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон. Хоёр дахь үе шатанд 2050 он хүртэлх чиглүүлэгч хүчин зүйлсийг эрэмбэлэх зорилгоор 28 орчим удаа дэд ажлын хэсгийн хэлэлцүүлгийн хүрээнд “Гүнзгийрүүлсэн судалгаа” нь дээрх 3 чиглэл тус бүрээр цуврал үйл ажиллагааг хэрэгжүүлсэн бөгөөд дараах өөрчлөлтийн талбаруудыг тодорхойлсон болно. Үүнд:

Эрүүл орчин дэд ажлын хэсэг: 

  • Бие даасан хүнсний тогтолцоо 
  • Дижитал амьдралын хэв маяг 
  • Холбогдсон хотууд    
  • Шинэчилсэн засаглал
  • Уур амьсгалд тэсвэртэй орчин

Эрүүл нийгэм ба хүн ам дэд ажлын хэсэг: 

  • Тогтвортой эдийн засаг
  • Өөрчлөгдөж буй ажлын байр, ажиллах хүчин
  • Дэд бүтцийн өөрчлөлт, шилжилт
  • Дижиталаар холбогдсон нийгэм

Инноваци- дижитал технологи - ам дэд ажлын хэсэг:

  • Их өгөгдлийн тогтвортой хувьсал
  • Дижитал эдийн засаг ба ажиллах хүчин
  • Хувь хүний, нарийвчлалтай эрүүл мэнд
  • Жигд ба хүртээмжтэй Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ

Эдгээр өөрчлөлтийн талбарууд нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарт ямар ач холбогдолтой, ямар өөрчлөлт авчрах талаар нийт цуврал 28 удаагийн хэлэлцүүлэг өрнүүлжээ. Дараагийн томоохон ажил нь ирээдүйгээс эргэн төлөвлөх шинэ арга дээр суурилан, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын “өөрчлөлтийн хөтөлбөр”-ийг Алсын хараа 2050-тай уялдуулан боловсруулах аж. 

Энэ ажлын хүрээнд ЭМЯ, ДЭМБ-аас хамтран “Ирээдүйгээс эргэн төлөвлөх нь – Шалтгааны үечилсэн шинжилгээгээр үнэлэх нь” сэдвээр 2022 оны есдүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд ээлжит хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулаад байна.   Хэлэлцүүлэгт эрүүл мэндийн болон эрүүл мэндийн бус салбаруудын төлөөлөл болох засгийн газрын яамд агентлаг, төрийн бус байгууллага, мэргэжлийн нийгэмлэг холбоод, академик байгууллага, хувийн хэвшил болон иргэний нийгмийн байгууллагууд оролцлоо. 

Хэлэлцүүлгийн үеэр ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Буянтогтох хэлэхдээ “Бид ирээдүйд болзошгүй хүчин зүйлсийг одооноос төлөвлөх, тооцох олон улсад ашиглаж буй арга аргачлалыг ашиглах шаардлага үүсээд буй. Иймд бид ДЭМБ-аас амжилттай хэрэгжүүлж буй боломжит ирээдүйг судлах дөрвөн шатлалт аргачлалыг хэрхэн ашиглаж болох талаар судалж, туршиж байгаа юм. Тиймээс эрүүл мэндийн салбар 2050 он гэхэд хэрхэн хөгжсөн байх, хэрхэн хүсэмжит ирээдүйгээ бий болгох талаар шинэлэг аргачлал, төлөвлөлтийн өвөрмөц үзэл баримтлалыг  суралцахыг дэмжиж ДЭМБ-тай хамтран стратегийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Энэ удаагийн хэлэлцүүлэгт эрүүл мэндийн салбарын шат шатны төлөөллүүд, засгийн газар, төрийн бус байгууллага мэргэжлийн нийгэмлэг холбоод, иргэний нийгэм, академик байгууллага болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцон, нээлттэй санал бодлоо илэрхийлж, дээрх аргачлалыг суралцаж байна. Хэлэлцүүлгийг зохион байгуулж буй ДЭМБ-ын хамт олон болон Олон улсын ирээдүй судлалын сургуулийн чиглүүлэгч багш нартаа, мөн Эрүүл мэндийн хөгжлийн төвийхөнд талархалаа илэрхийлье” хэмээн онцлов. 

Хэлэлцүүлгийн үеэр зохион байгуулагч, ДЭМБ-ын мэргэжилтэн, Доктор Б.Ганбат оролцогчдод хандан “Энэ удаагийн арга хэмжээ нь өмнөх хэлэлцүүлгүүдийн үргэлжлэл хэлбэрээр явагдаж байна. Өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр шалтгааны үечилсэн шинжилгээгээр үнэлэх арга зүйг эзэмших бөгөөд энэ нь алсын харааг тодорхойлж, ирээдүйг бүтээхэд чиглэсэн аргачлал юм. Аливаа асуудлыг шийдвэрлэх стратегийн хэлэлцүүлэгт  энэхүү аргыг хэрэглэдэг ба энэ нь уялдаа холбоо бүхий шинэ ирээдүйг бий болгохын тулд түүнд хүрэх янз бүрийн түвшний дүн шинжилгээг хийхэд чиглэсэн байна. Ингэснээр ирээдүйг урьдчилан таамаглахаас гадна дүн шинжилгээ хийж, хувирах боломжтой өөр өөр боломжит ирээдүйг бий болгоход оршдог. Хамгийн гол нь та бүхний туршлага, бүтээлч болон шүүмжлэлт сэтгэлгээнээс энэ ажлын үр дүн хамаарна гэдгийг хэлэхийг хүсч байна” гэлээ. 

Оролцогч Б.Дөлгөөн (ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн) : Өнөөдрийн шалтгааны үечилсэн шинжилгээгээр нийгэмд тулгарч буй асуудлыг задлах, шинжлэх цаашлаад шийдлийг нь олоход багаараа хамтарч ажиллах цогц аргад суралцаж байна. Сонирхолтой, нэлээн ач холбогдолтой нийгэмд ч эерэг нөлөө үзүүлэхээр санагдлаа. 

Оролцогч З.Цолмонбаяр (Иргэний нийгмийн төлөөлөл): Энэ удаагийн хэлэлцүүлгээр асуудлын дотроос шийдэл хайх биш, асуудлаасаа гарч хөндлөнгөөс хараад хүсэж буй ирээдүйгээ яаж бүтээх вэ гэдэгт төвлөрч байгаа нь онцлог санагдлаа. Мөн хэлц үгүүдийг тухайн асуудалтайгаа зүйрлэж ашиглаж, тодорхойлж байгаа нь сонирхолтой байна. 

Дашрамд сонирхуулахад ДЭМБ-аас 11 дүгээр сард өөрчлөлтийн хөтөлбөрийг хэлэлцүүлэх томоохон арга хэмжээг зохион байгуулах юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642056
0 эможи

ДЭМБ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up