Б.Эрдэнэбулган: Амьдралын буруу хэв маяг, гадна, дотоод нөлөөллөөс болж хүн хорт хавдрын эсийг тэжээж байдаг Б.Эрдэнэбулган: Амьдралын буруу хэв маяг, гадна, дотоод нөлөөллөөс болж хүн хорт хавдрын эсийг тэжээж байдаг
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Эрдэнэбулган: Амьдралын буруу хэв маяг, гадна, дотоод нөлөөллөөс болж хүн хорт хавдрын эсийг тэжээж байдаг

2022 оны 9 сарын 21

Arslan.mn

Элэгний хавдар, хавдар үүсэх нөхцөл, шалтгааны талаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ерөнхий захирал анагаах ухааны доктор, дэд профессор Б.Эрдэнэбулгантай ярилцлаа.

Дэлхий нийтэд ямар төрлийн хорт хавдар илүүтэй нэмэгдэж байна вэ?

Анагаах ухааны салбар хавдрын өвчлөлтэй маш олон жил тэмцэж байна. Жил ирэх тусам хавдрын тохиолдлын тоо нэмэгдэх болсон. Дэлхий дээр дунджаар хавдрын шалтгаанаар жилд 9.5 сая хүн нас барж байна. Олон улсын судалгаанаас үзэхэд дэлхий нийтэд зүрх судасны өвчлөл хамгийн өндөр хувийг эзэлдэг. Үүний дараагаар хорт хавдрын өвчлөл ордог. Хорт хавдар дотроо амьсгалын зам буюу уушгины хорт хавдар хамгийн өндөр хувийг эзэлж байна. Хорт хавдар хэзээ ч гэнэт үүсдэггүй. Энгийнээр тайлбарлавал зомбитой кино шиг л гэсэн үг. Биеийн нэг эс мутацид орсноор бүтэц, үйл ажиллагаа нь алдагдаж дэргэдэх эсүүд рүүгээ мэдээллээ хуулбарладаг. Ингээд удаан хугацаанд явснаар хорт хавдар үүсдэг.

Уушгины хорт хавдар үүсэх гол шалтгаан нөхцөл нь юу вэ. Манай улсын утааны асуудал иргэдэд энэ төрлийн хавдрыг нэмэгдүүлэх эрсдэл нь байж болох уу?

Маш олон шалтгаантай. Жишээ нь уламжлалт тамхи, электрон тамхи гэх мэт хорт зуршлаас болж уушгины хорт хавдартай болох магадлалтай. Илүү тодорхой хэлбэл бидний өдөр тутмын амьдралын буруу хэв маяг, гадна, дотоод нөлөөллөөс болж хүн хорт хавдрын эсийг тэжээж байдаг. Харин утааны хувьд иргэд тус асуудлыг өвлийн улиралтай холбож ойлгоод байдаг. Гэвч бид дөрвөн улирлын турш тодорхой хэмжээний хорт утаагаар амьсгалж байна. Энэ нь автомашины яндангаас гарч байгаа утаа бөгөөд энэхүү утаа нь маш хүчтэй, хортой нэгдлүүдийг өөртөө агуулдаг. Хичээл сургууль эхлэх үед автозам дээр түгжрэл үүсэж хорт утаагаар нь хүүхдүүд илүүтэй амьсгалж хордож байна. Үүнтэй холбоотойгоор хүүхдүүдийн дунд цусны хорт хавдрын өвчлөл нэмэгдэх болсон. Иймд хүүхдээ ядаж арын суудал дээр суулгах, агаар салхинд сайн гаргах зэрэг арга хэмжээг авч байх нь эрсдэлт хүчин зүйлийг буруулна.

Монгол Улс элэгний хорт хавдрын өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлдэг. Тэгвэл яагаад элэгний хорт хавдрын тохиолдол буурахгүй байна вэ?

Монголд элэгний хорт хавдрыг үүсгэж буй үндсэн гурван шалтгаан байдаг. Эхний шалтгаан нь элэгний B, C вирус гэж байдаг. Хорд хавдраар өвчилсөн хүмүүсийн 85-90 гаруй хувь нь B, C вирус хавсарсан. Мөн B болон дельта хувилбар хавсарсан вирусүүд нь хүний биед удаан хугацаанд байж 10-15 жилийн дараа элэгний хавдар үүсгэдэг. Элэгний хавдрын шинж тэмдэг нь эрт үедээ илэрч чаддаггүй. Хавдар дөнгөж эхэлж байхад хүний биед ямар нэгэн шинж тэмдэг зовуурь өгдөггүй. Харин 35-аас дээш хувьд хавдар ургаж эзэлсэн тохиолдол шинж тэмдэг өгч эхэлдэг. Тэгээд өвчтөн эмнэлэгт хандахад аль хэдий нь гурав, дөрөвдүгээр үедээ ороод бүрэн эмчлэгдэх боломжгүй болсон байдаг. Элэгний вирус нь цусаар дамжиж халдварлагддаг. Жишээ нь сүүлийн үед залуучууд маш их шивээс хийлгэж байна. Энэ нь бас нэг талаараа вирусээр халдвар авах нөхцөл шалтгааныг нэмэгдүүлж байгаа юм. Иймд заавал өөрийн эрүүл мэнддээ анхаарч ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн үү гэж шаардлага тавьж байх хэрэгтэй.

Манай улсад элэгний хорт хавдраар өвчилсөн дөрөв иргэн тутмын гурав нь хожуу үе шатандаа оношлогдож байна. Энэ нь иргэдийн хайнга байдалтай холбоотой юу. Эсвэл манайд энэ төрлийн оношилгоо эмчилгээ тааруу байна уу?

Одоогийн байдлаар элэгний хорт хавдраар өвчилсөн иргэдийн 67 хувь нь хожуу үе шатандаа оношлогдоод буй. Харин үлдсэн 33 хувь нь эрт үедээ буюу хавдрын нэгдүгээр үед оношлогдож байна. Хавдрыг илрүүлэх оношилгоо эмчилгээний тал дээр аль ч шатны эмнэлгийн тоног төхөөрөмж сайжирсан байгаа. Түүнчлэн, элэгний хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа ч давхар илрүүлэг нь сайжирсан. Орон нутагт эхо, анхан шатны лабораториуд харьцангуй их байдаг болсон. Ингээд үзэхэд иргэнээс хамаарах нөхцөл байдлууд их байгаа. Иргэн өөрөө эрсдэлтэй нас гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Тухайлбал ходоодны шархтай хүн байлаа гэж бодоход хавдраар өвдөх эрсдэлтэй гэдгээ мэдээд эмнэлэгт жил болгон үзүүлэх шаардлагатай. Ийм хэмжээний эрүүл мэндийн хариуцлагатай байдал хувь хүн бүрт байх хэрэгтэй.

Таны хувьд элэгний хавдрын талаар хийсэн судалгаа, шинэ технологийнхоо талаар бидэнтэй хуваалцвал?

Миний хувьд элэгний хавдрыг мэс заслын аргаар бус илүү шинэ технологийг ашиглан түлэх, бөглөх мөн хими эмийн эмчилгээ гэсэн дөрвөн төрлийн эмчилгээг хийдэг. Дэлхий нийт аль болох зовуурь багтай эмчилгээ хийхийг зорьж судалж байгаа. Дэлхийн чиг хандлагын хүрээнд цаашид элэгний хавдрыг хөлдөөх технологийг Монгол Улсдаа оруулж ирэхээр төсөл хөтөлбөр бичиж ажиллаж байна.

Элэгний B вирусийн эсрэг вакцины талаар мэдээлэл өгөөч?

“B”вирусийн эсрэг вакцин тодорхой хэмжээний хугацаатай байдаг. Иргэд элэгний “B”вирусийн эсрэг вакциныг нэг удаа хийлгээд тэгээд насан туршдаа дархлаатай байна гэсэн буруу ойлголттой байдаг. Вакцин нь тодорхой хэмжээний хугацаатай учир иргэд заавал эсрэг биетийн шинжилгээ өгөх шаардлагатай. Хэрэв идэвхжил нь сул байвал дахин дархлаажуулалтдаа хамрагдаж байж элэгний өвчлөлөөс хамгаалах боломжтой.

Эх сурвалж: EAGLE.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
640603
1 эможи

keyboard_arrow_up