COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

М.Эрхэмбаяр: Улирлын хатгаа Ковид-19 халдварын үеийн хатгаатай ХАВСРАХ ЭРСДЭЛ өндөр байна

админ
2021 оны 11 сарын 23

Arslan.mn

Улсын Гуравдугаар төв эмнэлгийн уушги судлалын эмч М.Эрхэмбаяр /АУ-ны магистр/-тай Уушгины хатгаа өвчний талаар дэлгэрэнгүй ярилцсанаа хүргэж байна.

Сайн байна уу? Сүүлийн үед уушгины хатгаагаар хүндэрч эмнэлгийн үйлчилгээ авч буй иргэдийн тоо нэмэгдэж байна уу?

Сайн байна уу. Өмнө нь улирлын шинж чанартай буюу сэрүүний улирал эхлэхтэй зэрэгцэн нянгийн болон томуугийн вирусийн шалтгаантай уушгины  хатгааны тохиолдлын тоо, хүндрэл, нас баралт их байдаг байсан. Яг өнөөгийн нөхцөл байдлын хувьд үүн дээр ковидын хатгаатай хавсрах эрсдэл  өндөр байна.

ДЭМБ-ийн  судалгаагаар 5 хүртэлх насны нийт нас баралтын 14 %-ийг уушгины хатгаа эзэлж байгаа бөгөөд 2019 оны байдлаар 740,180 хүүхэд эндсэн бол 2014 оны байдлаар насанд хүрэгчдийн дунд 100000 хүн амд нас баралтын түвшин 15.9 буюу 50622 байсан нь хатгаа өвчний шалтгаантай нас баралт их байгааг харуулж байна. Үүнтэй холбоотой Дэлхий дахинаа  “Уушгины хатгаа” өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг жил бүр 11 сарын 12-ны өдөр энэхүү өдрийн үйл ажиллагаанд нэгдэх, түүний тархалт, оношилгоо эмчилгээний дэлхийн чиг хандлага тулгарч буй асуудлыг хэлэлцэх, ард иргэдэд хатгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх аргуудыг эзэмшүүлэх зорилготой тэмдэглэн өнгөрүүлдэг.

 Монгол улсад 2018 оны байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгааны хоёрдугаарт амьсгалын тогтолцооны өвчин орж, түүний дотор уушгины хатгааны улмаас хэвтэн эмчүүлэгчид 51.8 хувийг эзэлсэн байна.

Энэ тоо жил ирэх бүр өссөөр байна. 2018 оны байдлаар хүн амын нас баралтын тэргүүлэх 5 шалтгааны тавдугаарт уушгины өвчлөл орж (10000 хүн амд 2,38), нас барсан өвчний шалтгаанаар авч үзвэл уушгины хатгааны шалтгаант нас баралт 10 дугаарт бичигдэж байгаа юм.

Манай эмнэлгийн хувьд уушгины тасагт Ковидын дараах хатгаа бүрэн шимэгдээгүй буюу хатууралт өөрчлөлттэй эмчлүүлэгчид ойролцоогоор нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 60 орчим хувийг эзэлж байна.

Хатгаа өвчний шинж тэмдэг биед хэрхэн илэрдэг вэ? Юун дээр илүү анхаарах вэ?

Нийтлэг ажиглагддаг шинж тэмдэг нь хуурай болон цэртэй ханиалгах, цээжээр өвдөх, багахан ачаалалд амьсгаадах, халуурах, үе мөчөөр шархирч өвдөх шинж тэмдэг илэрдэг.

Хатгааны үед цэрнээс маш их мэдээлэл авч болдог. Хэрэв цустай, цусны судалтай гарч эхлэх тусам хүндэрч байгааг илтгэдэг.

Мөн цэрний өнгө нь шаргал, ногоон өнгөтэй гарах нь тухайн цэрэнд ямар нэг үүсгэгч  буюу нян бактери агуулагдаж байх магадлал өндөр тул мэргэжлийн эмчид  хандан цэрний бактериологийн шинжилгээ өгөх нь оношилгоо эмчилгээний ихээхэн ач холбогдолтой байдаг. Одоогийн нөхцөлд антибиотикийн зохисгүй хэрэглээ их болсон үед тухайн бактериологийн хариу нь хэрхэн антибиотик зөв сонгох ,хэрэглэх заалт болж өгдөг. Хэрэв үүсгэгч илэрсэн байвал дурын антибиотик хэрэглэх бус яг л тухайн таны цэрэнд, уушгинд агуулагдаж байгаа нянгийн үржлийг саатуулах, устгах антибиотикийг танд сонгон хэрэглүүлнэ гэсэн үг. Эмнэлгийн нөхцөлд мэдээж биеийн байдал хүнд явцтай, хатгаатай өвчтөнд гарах эрсдэлийг тооцоолж гарааны антибиотикийг эмчилгээний эхний өдрөөс хэрэглэдэг.

Эсрэгээрээ вирусийн шалтгаантай амьсгалын замын эмгэг байх үед  иргэд дур мэдэн ямар нэг ханиадны шинж тэмдэг илрэхэд л антибиотик уух, эмчилгээ таслах нь эргээд өвчин хүндрэх, эмчилгээ удаашрах, антибиотикийн тэсвэржилт үүсэх зэрэг сөрөг олон үр дагавартай гэдгийг сануулмаар байна.

Уушгины хатгаатай өвчтөнд эмчилгээ эхэлснээс хойш биеийн байдал нь аажим сайжирна, эдгэрэх хугацаа өвчний хүнд, хөнгөний зэргээс хамаарна. Ихэнх эмчлүүлэгчид  эдгэрэлт дараах байдлаар явагддаг:

  • 1 долоо хоног: халуун буурна
  • 4 долоо хоног: цээж өвдөх, цэр гарах нь багасна
  • 6 долоо хоног: ханиах, амьсгаадах нь багасах
  • 3 сар: ихэнх шинж тэмдэг арилна, ядарч тамирдах нь үлдэж болно
  • 6 сар: ихэнх хүмүүс эргэж хэвийн байдалдаа орно.

Хатгаа өвчний хүндрэл нь юу байдаг вэ?

Нянгийн гаралтай уушгины хатгаа ихэвчлэн Streptococcus pneumoniae, Haemophilus influenzae, холимог анаэроб болон грамм сөрөг нянгаар үүсгэгддэг.

Сүүлийн жилүүдэд антибиотикийн зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй олон эмэнд тэсвэртэй грамм эерэг бактери MRSA буюу метициллинд тэсвэртэй алтлаг стафилококкоор үүссэн хатгаа нэлээдгүй тохиолдох болсон.

Эдгээр нянгаар үүсгэгдсэн хатгааны хамгийн том хүндрэл бол идээлж буглаа үүсэх, уушгинаас цус алдах цаашлаад  цусаар бүх биеэр тархаж халдвар хордлогын шоконд орж амь нас эрсдэх аюултай.

Хэрвээ нян  болоод вирусийн халдвар хавсрах юм бол өвчний явц богино хугацаанд маш давшингуй явагдах, үрэвслийн дараа хатуурч фиброз байдлаар үлдэх, тухайн хэсэг газар агаарын солилцооны эдийг гэмтээснээр  архаг амьсгалын дутагдал үүсч гэрээр байнгын хүчилтөрөгч өтгөрүүлэгч хэрэглэх шаардлага хэрэгцээ гарч байна. Энэ бүхэн эргээд өдөр тутмын амьдрал, ажил хөдөлмөр эрхлэх байдлыг хязгаарлах, эдийн засгийн хараат байдал үүсгэхэд нөлөөлж байна.Үүнд:

  • 65 ба түүнээс дээш нас
  • Тамхидалт ба тамхи татсан жил, өдөрт татах тамхины тоо
  • Амьсгалын тогтолцооны өвчнүүд /Уушгины архаг бөглөрөлт өвчин, астма, томуу/
  • Хавсарсан өвчин /чихрийн шижин, бөөрний дутагдал, архидалт, хоол тэжээлийн дутагдал гм/
  • Ком
  • Бодисын солилцооны ацидоз
  • MRSA тээгч  /ам залгиур, хамрын салстад/
  • Биед буй халдварын дурын голомт /хатиг/ цусаар тархах эх уурхай зэрэг нь уушгины хатгаа өвчний эрсдэлт хүчин зүйл болохын зэрэгцээ хүндрэхэд голлох нөлөө үзүүлж байна.

Тэгэхээр дээрх тоо баримтаас харахад 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл их өндөр байгаа нь эцэг эхийн эрүүл мэндийн боловсрол дутмаг байгаатай холбоотой байх. Энэ тал дээр мэдээлэл өгөөч?

Хүүхэд гэлтгүй насанд хүрэгчдэд эмчилгээний дэглэмээс эхлүүлээд гэрээр  болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарсан үед өвдсөнөөс хойш 10-14 хоногийн дараа уушгины эмчийн зөвлөгөө зайлшгүй авах шаардлагатай буюу хяналтын үзлэгт хамрагдах нь хожим гарах хүндрэлээс сэргийлэх ач холбогдолтой юм. Эмчилгээний дараа давтан хяналтад хэзээ хамрагдахыг эмч товлож өгөх бөгөөд тухайн өдөр хийлгэж ирэх шинжилгээнүүдийн төлөвлөж үрэвслийн идэвх, хатгааны шимэгдэлтийн байдлыг үнэлэн эмийн, нөхөн сэргээх эмчилгээг зөвлөнө. Хяналтын явцад эмч шинжилгээний сайжирсан үзүүлэлтүүд дээр үндэслэн хяналтаас хэзээ гарч болохыг шийдэж өгнө.

Уушгины хатгааны  хэр их талбайг хамарсан  хэмжээнээс хамаарч эмчилгээний үргэлжлэх хугацаа хүн бүрт харилцан адилгүй байдаг тул  эмчилгээг дунд нь таслах эсвэл бусдын сайн гэснийг дур мэдэн хэрэглэхгүйгээр эмчийн зөвлөсөн эмчилгээг бүрэн хийснээр уушгинд үрэвслийн  үлдэц, соривжилт  үгүй хурдан эдгэх боломжтой.

Харин эмнэлгээс гарсны дараа шинж тэмдэг нэмэгдэх, амьсгалын  тоо олшрох, хөхрөлт нүдэнд ил ажиглагдах, архаг суурь өвчин сэдрэх, бага зэргийн ачаалал авахад амьсгал олширч амьсгаадалтыг хөнгөвчлөх байрлал үр дүнгүй байх,  анхаарал хандуулах, ойн санамж сэтгэн бодох чадварууд сайжрахгүй байх  тохиолдолд товлолт хугацаа харгалзахгүй харьяаллын дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээ авах нь зүйтэй.

Энэ өвчнөөр өвдөхгүй байхын тулд өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн сэргийлэх вэ?

Ковидтой холбоотой иргэдийн  дунд  гарын ариун цэврийг сахих, хангалттай унтаж амрах, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, нойроо бүтэн авах, томуугийн сайн дурын вакцинд хамрагдах гэх мэтчилэн дархлаа дарангуйлагдахаас сэргийлэх зөвлөмжийг өдөр авахын хирээ хэрэгжүүлдэг хүмүүс олон болсон байна. Харин одоо сэрүүн, хүйтний  улиралд малгай ороолт зүүх , өглөөний цайгаа ууж хэвших, амны хаалтаа 2-3 цаг тутам солих, гадаа гудамж талбайд цэр, шүлсээ хаяхгүй байх, ямар ч эмийн бэлдмэлийг эмчийн зааваргүй хэрэглэдэггүй байх дадлыг хэрэгжүүлээд сурчихвал өөрийгөө өрөөл бусдыг хатгаа өвчнөөс бүрэн сэргийлж чадна гэдэгт итгэлтэй байна. Ер нь өглөөний цай уухын ач холбогдол нь дархлаа унахаас сэргийлэхээс гадна Шөнийн турш ходоодонд ялгарч хуримтлагдсан хүчлийг сулруулан нарийн гэдэсрүү  дамжуулахаас гадна цөсний хүүдийнд хуримтлагдсан цөсийг гадагшлуулж байдаг.

Баярлалаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
632915
3 эможи

keyboard_arrow_up