COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 20, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Эмийн үлдэгдлээ энгийн хогтой нийлүүлэн хаях нь хөрс, ус, агаарыг бохирдуулдаг

админ
2021 оны 10 сарын 13

Arslan.mn

Өдгөө бид ахуйн хог хаягдлаа цаас, хуванцар, гялгар уут гэх зэргээр материалынх нь дагуу ангилан ялгаж хэвшиж буй. Харин бидний тэр бүр анзаардаггүй, тэгсэн атлаа байгаль орчинд хор уршиг дагуулдаг хог хаягдлын төрөл нь эмийн хог хаягдал ажээ. Айл өрх бүрийн эмийн санд хугацаа нь дууссан, уухаа мартсан, илүүдүүлж авсан эм бэлдмэл хадгалагдаж байдаг нь түгээмэл. Тэдгээрийг энгийн хогтой нийлүүлэн хаях, карант эсвэл жорлонгийн усанд урсгах нь бидний амьдралын эх үндэс болсон хөрс, ус, агаарыг элдэв химийн бодисоор бохирдуулж, цаашлаад түүнээс идээлж ундаалдаг мал амьтныг ч хордуулах аюулт нөхцөл бүрддэг байна.

Улс орон даяар хэрэгжүүлж буй хог хаягдлын менежментэд анзаарагдалгүй үлдсэн энэхүү дутуу сиймхийг залуус гярхай ажиглаж 3% эмийн хаягдлыг ангилцгаая” төслөө 2019 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Үүгээр олон улсад хэрэгждэг эмийн хаягдлын жишгийг Монголд анхлан нэвтрүүлсэн байна.

Төслийн шийдэл нь тун энгийн, амьдралд ойрхон учир хувь хүн, албан байгууллага та бүхэн өнөөдрөөс энэхүү санал санаачилгад нэгдэн байгаль орчноо хамгаалах үйлст хувь нэмрээ оруулаарай! Танд ердөө 2 алхам л хэрэгтэй.

  1. Гэрт байгаа хугацаа нь дууссан, хэрэглэхээ больсон эм бэлдмэлүүдээ нэг дор цуглуулах
  2. Доор дурдсан эмийн сангуудад байршиж буй шилэн хоргонд эмийн хаягдлаа хийх

Ингээд л боллоо. Харин таны хаясан эмийн хаягдлыг эмийн сангууд цааш нь ЭЛЕМЕНТ ХХК-д хүлээлгэн өгснөөр зохих журмын дагуу устгалд орох юм. Харин эмийн хаягдлын устгал нь цуглуулах, тээвэрлэх, халдваргүйжүүлэх, бутлах, эцэст нь газрын хөрсөнд дарж булах (ландфил) гэсэн шат дараалалттай явагддаг байна.

Эмийн хог хаягдлыг ялган ангилах нь олон улсад хэдийн жишиг болон тогтжээ. Швед улсын хувьд жил бүр 1,500 тонн эмийн хаягдал үүсдгээс 250 орчим тонн нь ахуйн хог хаягдалтай цуг, эсвэл бохир усны хоолой руу хаягддаг гэсэн мэдээ байна. Үүнд Швед улс даяар хугацаа нь дууссан эмийг иргэд нь ойролцоох эмийн сангуудад буцаан өгдөг систем хэрэгжиж эмийн сангууд нь цааш зохих журмын дагуу устгалд оруулдаг болсон байна.

“3% Эмийн хаягдыг ангилцгаая” төсөл”-ийн хувьд үйл ажиллагаагаа эхэлсэн цагаас хойш дотоодын эмийн компани, хувь хүн, байгууллагуудын анхаарлыг татаж, талархлыг хүлээсээр өдгөө 2 дахь жилдээ амжилттай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 3% Эмийн хаягдыг ангилцгаая” төсөл”-ийн санаачилсан эмийн хаягдал хүлээн авах шилэн хорго Ач фарм, Нил фарм, Ази Фармын салбар эмийн сангуудад буюу Улаанбаатар хотын нийт 25 байршилд, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын "Эм гоо" ХХК-ын эмийн сангийн 3 салбарт байршиж байна.

Эмийн хог хаягдлыг хэрхэн бууруулах вэ?

Төслийг санаачлагч О.Гэрэлчимэг хүн бүрийн хэрэгжүүлж чадах дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:

  • Шинэ эм авахын өмнө гэрийнхээ эмийн санг уудалж үзэх
  • Зөвхөн шаардлагатай эмээ тооных нь дагуу худалдан авах
  • Ууж магадгүй хэмээн урьдчилж эм авахгүй байх

Эмийн хаягдал нь ахуйн хогноос онц ялгаатай, хүрээлэн буй орчинд аюултайд тооцогддог учир хүн бүрийн анхаарал болгоомж чухал хэмээн төслийн багийнхан анхааруулж байлаа. Мөн хамтран ажиллах хүсэлтэй хувь хүн, аж ахуй нэгжийн хүсэлтийг тэд нээлттэй хүлээн авч байна.

Төслийн багийнхантай холбогдох утас 8611-7006.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631792
0 эможи

keyboard_arrow_up