ЭМЯ: Халдвараа бууруулахын тулд 28 хоног ХАТУУ ХӨЛ ХОРИО яаралтай тогтоох шаардлагатай байна
Коронавирусийн халдварын тархалттай холбогдуулан яаралтай авах арга хэмжээний талаар ХӨСҮТ-ийн тархвар судлаач Э.Тэмүүлэнтэй "TV5 телевиз" өнөөдөр онлайнаар холбогдон ярилцжээ.
ХӨСҮТ-ийн тархвар судлаач Э.Тэмүүлэн "ХӨСҮТ-өөс халдварын тохиолдлын тоог байнга хянаж яваа. Өчигдрийн байдлаарх тархвар судлаачдын тооцооллоор А гэдэг нэг халдвартай хүн цааш дунджаар 1.3 хүнд халдвар тарааж байна. Энэ тоо нэгээс их байна гэдэг халдвар цаашаа өргөжин, илүү тархаж буйг илэрхийлж байгаа юм. Хэрвээ 1.3-т үндэслээд яаралтай арга хэмжээ авахгүй бол ердөө долоо хоногийн дотор тохиолдлын тоо 1,000-аас дээш гарах магадлал маш өндөр болсон.
Маш хурдан хугацаанд хөл хорио тавихгүй бол олноор илэрч байгаа тохиолдлуудын эмнэлэгт хэвтэх, хүндрэх нас барах тохиолдлууд 2-3 долоо хоногийн дараагаас харагдаж эхэлнэ. Ийнхүү халдварын тоо торойж гарсан өдрөөс хойш 2-3 долоо хоногийн дараа нас баралт, хүндрэлүүд харагддаг зүй тогтолтой юм. Сүүлийн өдрүүдэд нас баралт ихсэж байгааг та бүхэн харж байгаа байх. Аль болох хүмүүсийг хүндрүүлэхгүй, нас баруулахгүйн тулд яаралтай арга хэжээгээ авах шаардлагатай байна." гэдгийг онцлов.