ЭМЯ: 119 дугаарт хандан ХҮҮХДИЙН ЭМЧЭЭС томуу, томуу төст өвчний талаар МЭДЭЭЛЭЛ, ЗӨВЛӨГӨӨ аваарай
Улирлын томуугийн үед иргэд 119 дугаарт хандан хүүхдийн эмчээс томуу, томуу төст өвчний талаарх мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой болсныг ЭМЯ-наас мэдээллээ.
ЭМЯ-ны ЭТГ-ын уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга С.Жаргалсайхан "Эмч томуугийн эмнэл зүйн зөвлөмж өгөхөөс гадна ханиад томуугаар өвдсөн бага насны хүүхдийн асаргаа, хооллолтын талаар болон хэзээ яаралтай хүүхдээ эмнэлэгт хүргэх талаар мэдээллийг тодруулан томуугийн хүндрэлээс сэргийлэх мэдээллийг цаг алдалгүй өгөх үүрэгтэйгээр ажиллана.
Амьсгалын замын цочмог халдвар, томуу томуу төст өвчний үед эцэг, эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулан илчлэг сайтай хоол хүнсээр дархлааг нь дэмжиж, дулаан хувцаслах, амны хаалт тогтмол зүүлгэж олон нийтийн газраар дагуулж явахгүй байх хэрэгтэй.
Мөн өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байж, шаардлагатай тохиолдолд өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хандахыг зөвлөж байна" гэв.