COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Э.Энхбилэг: Өрхийн эмчийн гол үүрэг нь урьдчилан сэргийлэх. Гэтэл бид өвчтөнтэйгөө л ноцолдоод таардаг

2019 оны 12 сарын 10

Arslan.mn

Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны “Цэц До” өрхийн эмнэлгийн эмч Э.Энхбилэгтэй ярилцлаа.

-Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу. Хэзээнээс өрхийн эмчээр ажиллаж эхэлсэн бэ?

-Би 2014 онд Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмчийн мэргэжлээр төгссөн. 2015-2017 оныг хүртэл Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны өрхийн эмчээр ажиллаж байгаад энэ оны тавдугаар сараас Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны өрхийн эмчээр ирсэн. Хуучин сургуулиа төгсөхөд хуваарилдаг байсан. Одоо бол өөрсдөө сонголтоо хийгээд ажилладаг болсон. Би хотод амьдардаг болохоор хотдоо ажиллахаар шийдсэн л дээ.

-Анагаах ухааныг заасан багш нарынхаа тухай ярихгүй юу?

-Намайг төгсөхөөс өмнө манайх дээд сургууль байсан. Төгссөний дараа их сургууль болж өөрчлөгдсөн. Ангийн багш маань зүрхний Баасанжав гээд сайн багш байсан. Зүрхээр дагнасан маш сайн эмч. Манайх чанга хатуу дэглэмтэй. Нэг л хичээл дээр унавал шууд улирна. Манай ангиас 2-3 хүүхэд улирсан. Нэг ангийг цөөхөн хүүхэд төгсдөг. Манайх 15 оюутантай төгссөн. Сургалт сайтай. Олон сайн багштай. Хүүхдийн Сарантуяа, эх барих, эмэгтэйчүүдийн Лхагвасүрэн багш. Одоо Өргөө амаржих газрын зөвлөх эмч хийдэг гэх зэргээр маш олон сайн багш нартай.

-Өрхийн эмч байхын давуу тал нь юу вэ?

-Маш өргөн хүрээний мэдлэгтэй болдог. Ганц өвчнөөр дагнахгүй. Дотор, хүүхэд, насанд хүрэгчид, чих хамар хоолой гээд бүхий л өвчнийг үзнэ. Маш их зүйл сурч мэдэх боломжтой. Мэдлэгийн хүрээ их тэлнэ. Анагаах сургуульд онол, онол гэж явж байгаад өрх дээр ажиллахаар практик дээр гардан ажиллаж сурна.

-Эсрэгээрээ бас сул тал байдаг байх даа?

-Мэдээж байлгүй яахав. Бид нарийн мэргэжил эзэмшээгүй. Хүүхдэд үзлэг хийлээ гэхэд анагаахын сургуулийг төгсчихөөд хоёр жил нэмж сурч хүүхдийн мэргэжлийн эмч болдог. Илүү өргөн хүрээний мэдлэг шаардана. Анхны тусламж үзүүлэх л үүрэгтэй шүү дээ бид. Анхны тусламж үзүүлж, үзлэг хийгээд цаашдаа ямар чиглэлээр нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх вэ гэдгийг дамжуулах л үүрэгтэй. Гэтэл хүмүүс хүүхдээ үзүүлээд тийшээ очоод нарийн үзүүл гэхээр “Та нар эмчлэх ёстой. Өрхийн эмч нар юу ч мэддэггүй” гээд байдаг. Гэтэл бидний өргөн хүрээний үзлэг хийдэг, бүх өвчлөлийг үздэг гэдгийг ерөөсөө ойлгодоггүй.

-Сүүлийн үед утаа багаслаа гэж яриад байгаа. Энэ нь өрхийн эмнэлэгт хэр мэдэгдэж байна. Өмнөх жилийн өдий үетэй харьцуулахад томуу, томуу төст өвчний шалтгаанаар үзүүлэх өвчтөний тоо хэр байна вэ?

-Есдүгээр сард сургууль, цэцэрлэг цуглаад аравдугаар сарын эхэн үеэс ханиад томууны өвчлөлийн үе эхэлдэг. Энэ жилийн хувьд аравдугаар сар дулаахан байсантай холбоотой юу энэ төрлийн өвчлөл бага байлаа. Арваннэгдүгээр сараас өвчлөл нэмэгдэж байгаа нь мэдэгдэж байна. Халуурал, ханиалгатай, бөөлжиж гүйлгэх тохиолдол нэмэгдэж байгаа. Өмнө нь ганц хоёр хоног халуураад шууд хатгаа болдог ханиад элбэг байсан. Одоо бол халуурах нь бага, шууд хатгаа болохгүй вирусийн гаралтай ханиад их байна. Нянгийн гаралтай үрэвсэл гэхээс илүү. Тэгэхээр чиглэлийнх нь дагуу вирусийн гаралтай эмчилгээ хийчихвэл 2-3 хоногтоо гайгүй болж байгаа. Өнгөрсөн баасан гаригаас Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг том хүн авахгүй, хүүхэд их байна. Хүүхэд эрс ихэсчихлээ гэж байсан. Арваннэгдүгээр сарын 26-наас хойш том хүн авахгүй гэсэн. Тэгэхээр хүүхдийн тасгийн ачаалал их байгаа байх.

-Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо шинэ суурьшлын бүс болчихсон. Хүн ам маш ихээр нэмэгдэж байгаа онцлогтой. Үүнийг дагаад өрхийн эмнэлгийн ачаалал бас нэмэгдэж байгаа юу?

-Ачаалал маш их байна. Үндсэн оршин суугч нь 14 мянга гаруй байдаг юм байна лээ. Түр оршин суугч нь бараг 10 мянга. Замын урд талд маш их шинэ барилгууд баригдсан. Тэгээд хүмүүсээс “Яагаад та нар хаягандаа шилжиж ирэхгүй байгаа юм бэ” гэхээр “Ордер нь гараагүй” гэдэг. Яагаад ордер нь гардаггүйг асуухаар авто замын урд талын хэсэг Богд хан уулын дархан цаазат газарт ордог. Дархан цаазат газарт барилга барьсан болохоор ордер нь гардаггүй. Тэгээд түр оршин суугчаар бүртгүүлдэг юм байна лээ. Вива ситид түрээсийн оршин суугчид маш ихтэй. Ихэнх нь түр оршин суугч. Манай өрхийн эмнэлэг магадлан итгэмжлэхэд ороогүй. Тэгэхээр түр оршин суугч ч байсан үздэг. Хэрэв магадлан итгэмжлэхэд орчих юм бол тухайн харьяаллынхаа хүний тоогоор санхүүжилт орж ирдэг. Тиймээс үндсэн хаягтай иргэддээ л үйлчилнэ.

-Өрхийн эмнэлэг хэдэн эмч, сувилагчтай вэ. Бүх иргэддээ хүрэлцдэг үү?

-Манайх зургаан эмчтэй. Гурван сувилагчтай. Уг нь нэг эмчид нэг сувилагч ногдох ёстой. Гэтэл хоёр эмчид нэг сувилагчтай. Анх ирээд би “Яагаад гуравхан сувилагчтай байгаа юм бэ” гэхэд “Манайх гурван сувилагчийн орон тоотой л анх байгуулагдсан” гэсэн. Гэхдээ зар тавиад сувилагч авъя гэхээр ирдэггүй. Ямар сайндаа бид тэтгэвэртээ гарсан сувилагчаа гуйж ажиллуулж байна. Ачаалал их, хүмүүсийн хэл ам их байдаг гээд өрхийн сувилагчаар ажиллах сонирхол бага байдаг бололтой.

-Дуудлагаар хэр явдаг вэ?

-Дуудлагаар их явна. Манайх байр ихтэй болохоор нярай хүүхэд их байдаг. Нярай ихтэй болохоор ачаалал их. Өдөрт нэг эмч дуудлагаа хариуцаад явдаг. Долоо хоногтоо нэг удаадаа заавал дуудлагаа хариуцаж явна. Яг миний хариуцаж байгаа хэсэгт найман хэвтрийн хүн бий. Тэднийгээ дуудлагаар явах замдаа эргээд үзчихдэг юм.

-Өрхийн эмчийн гол зорилго нь юу байдаг вэ. Хүмүүс үүнийг нь сайн мэддэггүй санагдах юм?

-Уг нь бол өрхийн эмчийн гол үүрэг нь урьдчилан сэргийлэх. Олон улсад тэгж л явдаг. Гэтэл манай улсад өрхийн эмч урьдчилан сэргийлэх ажлаа хийж чаддаггүй. Өвчтөнтэйгөө л ноцолдоод байж байдаг. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлаа хийж чадахгүй өрхийн эмнэлгээр үйлчлүүлж байгаа бүх хүмүүс өвчтэй хүмүүс л ирдэг. Цахим жороор хөнгөлөлттэй эм бичих болсноос хойш маш их ачаалал үүсэх болсон. Хөнгөлөлттэй эмний программ нь болдоггүй. Урьд нь цаасан дээр бичээд л гаргачихдаг байсан. Улс даяараа ганц эмийн программтай. Сарын эхэнд бүх орон нутаг, аймаг сум, дүүрэг ганц программаараа уншуулна. Тэгэхээр ачааллаа дийлэхгүй маш удаан уншдаг. Программын компанид нь хандахаар бид ажиллаж байна л гэдэг. Гэтэл хүмүүс “Танай өрхийн компьютер муу, сүлжээ интернэт нь тасардаг” гээд байдаг. Программ гэдэг юмыг ойлгохгүй биднийг л буруутгаад байдаг. Урьд нь нэг өвчтөнд программ уншуулаад эм бичиж өгөхөд 15 минут болдог байсан. Одоо таван минут болсон. Бас харьцангуй сайжраад байгаа.

Дээд түвшний хүмүүс нь программаар эм бичдэг болсон дэвшилтэт технологи гээд сайхан зүйл ярьдаг. Яг цэг дээр нь ажиллахаар маш их цаг орно. Гацна, заримдаа уншихгүй буцаана. Юу болж байгааг мэддэггүй. Тэр бүрт нь хүмүүс уурлана, зарим нь загнана. Хүмүүс чинь бас эм бичүүлэхээр орж ирэхдээ ээждээ, аавдаа, өөртөө, нөхөртөө гээд хэд хэдэн эрүүл мэндийн даатгал бариад ороод ирнэ. Тэр бүрт нь таван минут гэхээр хүмүүс ойлгохгүй. Байн байн хаалгаар шагайна. Ямар удаан үздэг юм бэ гээд хэл ам хийнэ. Эрүүл мэндийн яамнаас нэг хүнийг 15 минут үзэх ёстой гээд цаг гаргачихсан. Минутаараа бодвол өдөрт өрхийн эмч 32 хүн үзэх ёстой. Гэтэл өнөөдөр ганцхан би л гэхэд 56 хүн үзчихсэн байна. Өнгөрсөн баасан гаригт 67 хүн үзсэн байх жишээтэй. Нэг хүн үзэхэд хөнгөлөлттэй эмийн хамт 15 минутад үзэж амждаггүй. Миний бодлоор минутгүй болчихвол амар санагддаг. Хүмүүс цагаа хараад л 15 минут болчихлоо гээд хаалга онгойлгоод байдаг. Дээрээс нь дүүргийн нарийн мэргэжлийн эмч нар нь үзчихээд өрхийн эмчээрээ хөнгөлөлтөө бичүүл гээд явуулчихдаг. Тэр нь бас бидэнд ачаалал нэмнэ.

-Хүмүүс өөрсдөө урьдчилан сэргийлье, жилдээ нэг удаагийн үзлэгтээ хамрагдъя гээд ирэх хүмүүс байдаг уу?

-Байхгүй. Өвдсөн хойноо л өвдчихлөө гэж ирнэ. Ер нь бол өвчин тусаад удсан хойноо ирдэг. Жишээ нь, халуураад гурав хоносны дараа ирнэ. Хүндэрсэн хойноо л ирнэ үү гэхээс урьдчилан сэргийлэх үзлэгт оръё гэж ер ирдэггүй.

-Өрхийн эмч нарт сургалт ордог уу?

-Сургалт маш сайн орно. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс, Өрхийн эмч нарын холбооноос сургалт сайн явуулдаг. Нэг өрхийн эмч жилдээ зургаан багц цагийн сургалтад суусан байх ёстой гэдэг шаардлага цаанаасаа тавьдаг. Түүний дагуу сургалт сайн орно. Урьдчилан сэргийлэх үзлэг хагас сард нэг удаа дүүргийн эрүүл мэндийн төвөөс ирж хийдэг.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611413
0 эможи

Зочин
2019-12-10 10:44
ӨРХИЙН ЭМНЭЛЭГТ ХҮНИЙ ЭМЧ АЖИЛЛУУЛМААР БАЙНА.ЭМ-ЫН САЙД ХЭЗЭЭ БАРИГДАХ БОЛ ОО.НЭГ Л НАРТАЙ ӨДӨР БАРИГДАЖ ӨВЧИНДӨӨ МӨНГӨ БАЙХГҮЙДЭЭ ӨНДӨР ҮНЭТЭЙ ЭМ ТАРИАНДАА ШАНАЛСААР ХОРВООГ ОРХИСОН ХҮМҮҮСИЙН ХАРААЛЫГ ХАМГЫН ТҮРҮҮНД ГЭР БҮЛ ҮР ХҮҮХДҮҮДЭД НЬ ХҮРНЭ ДЭЭ.
keyboard_arrow_up