УИХ-ын сонгуулийн тогтолцооны туршлага ба ШИНЭ СОРИЛТ УИХ-ын сонгуулийн тогтолцооны туршлага ба ШИНЭ СОРИЛТ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 09, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын сонгуулийн тогтолцооны туршлага ба ШИНЭ СОРИЛТ

2024 оны 4 сарын 17

Arslan.mn

1992-2020 оны сонгуулийн онцлог, үр дүн

Монгол улс нь 1992 оноос хойш УИХ-ын 8 удаагийн сонгуулийг амжилттай явуулж, 2024 оны 06 дугаар сарын 28-нд 9 дэх ээлжит сонгуулийг явуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ хугацаанд 2000, 2004 оны сонгуулийн өмнө сонгуулийн тогтолцоог өөрчлөөгүй бөгөөд 6 удаа сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталж, 7 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Эндээс үзвэл сонгуулийн өмнө эрх баригч нам дахин сонгогдох бүхий л боломжоо эрэлхийлж эрх зүйн шинэчлэл хийж байсан нь ойлгомжтой юм. Нөгөө талаас сонгуулийн тогтолцооны боломжит хувилбаруудаар сонгууль явуулж, туршлага хуримтлуулсан. 1992, 2008, 2016, 2020 онуудад олон мандаттай, томсгосон тойрогтой мажиротар тогтолцоогоор, 1996, 2000, 2004 онуудад нэг мандаттай, жижиг тойрогтой мажоритар тогтолцоогоор, 2012 онд мажоритар зонхилсон холимог тогтолцоогоор тус тус сонгууль явуулжээ. Сонгуулийн үр дүнд МАХН/МАН нийт таван удаа, АН-ын тэргүүлсэн эвсэл хоёр удаа ялж, нэг удаа буюу 2004 онд эвслийн/эв нэгдлийн Засгийн газар байгуулагдаж байжээ. Өөрөөр хэлбэл 1992 оноос хойш МАН 6 удаагийн сонгуульд ялалт байгуулж, 20 жил дангаараа засагласан. 1992 онд нийт нэр дэвшигчийн тоо 293 байсан бол 2020 онд 606 болж өссөн. Санал өгсөн сонгогчийн дундаж хувь нь 80% байна.

Бүх асуудлыг нэг дор шийдчихдэг төгс сонгуулийн тогтолцоо гэж байхгүй, гэхдээ улс оронд тулгамдсан нийтлэг асуудлыг шийдвэрлэж чадахуйц, тухайн цаг үеийн нийгмийн нөхцөл байдалд тохирсон байх ёстой. Манай улсад хамгийн олон удаа хэрэглэсэн багц саналын мажиротар тогтолцооны гол давуу тал нь сонгууль явуулах процесс нь энгийн ойлгомжтой, нэг намын тогтвортой засгийн газар бүрдэх боломжтой, “Ялагч бүхнийг авна” гэсэн зарчим үйлчилдэг. Сул тал нь сонгогчдын санал гээгддэг, жижиг намуудад халтай, жалга довны үзэл давамгайлдаг, үндэсний бус тойргийн улс төрчийг бэлтгэдэг. Тухайлбал: 2020 онд МАН сонгогчдын 46,6%-ийн саналаар парламентын 62 суудлыг авсан бол АН 27,7%-ийн саналаар парламентын 11 суудал авсан. Эндээс уг тогтолцооны парламентын суудлын шударга бус хуваарилалт, саналын зөрүү, сонгогчдын санал гээгдэж буй байдлыг харж болно. Сонгогчдын оролцоо, ирцийн хувьд сонгуулийн эрх бүхий 2,003,969 иргэн саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1,475,780 нь буюу сонгогчдын 73.6 хувь нь сонгуульд оролцож саналаа өгсөн. 2000 оноос хойш явагдсан сонгуулиудаас хамгийн өндөр ирцтэй сонгууль болсон хэдий ч санал өгөөгүй 528,189 сонгогч байгаа нь 4 сонгогч тутмын 1 нь болж байна. Үүн дээр тодорхой шалтгаанаар нэрийн жагсаалтад бичигдээгүй сонгуулийн насны иргэд байгаа. Энэ нь сонгуулийн үр дүнд хүчтэй нөлөөлөх, савлуулах боломжтой үзүүлэлт юм. Иймд санал өгөх нь иргэний эрх хэдий ч яагаад санал өгөөгүй шалтгааныг Сонгуулийн ерөнхий хорооноос ээлжит сонгуулийн дараа судалгаа авч, судалгааны үр дүнд үндэслэн 4 жилийн хугацаанд ажил хэрэг болгох хэрэгтэй. Өнөөдөр “Монголын сонгогчдын үйл байдлын суурь судалгаа” үндсэндээ байхгүй байгаа нь сонгуулийн ирц, сонгогчийн боловсролыг дээшлүүлэхэд сөргөөр нөлөөлж байна. Энэ олон жил нэр төдийгөөр сонгогчийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байгаа гээд хэлчихэд буруудахгүй байх. Нөгөө талаас сонгогчийн боловсролыг дээшлүүлэхийг хүсэхгүй, “Цагаан цаас, хар масс” чигээр нь байлгах учир шалтгаан үе үеийн эрх баригчдад байхыг үгүйсгэхгүй. Сонгогчид саналаа худалддаг, царцаа болдог, тархиа угаалгадаг, хоосон амлалтад итгэдэг, төрд, намд итгэх итгэл буурсан нь үүний хор уршиг юм.

2024 оны энэ удаагийн сонгууль бидний хувьд шинэ сорилт болоод байна

Ер нь сонгууль гэдэг нь ард түмний санал хураалт явуулах замаар хийж байгаа улс төрийн сонголт, эрх баригч элитийг өөрчлөх арга, засгийг хүлээн зөвшөөрүүлэх, тогтвортой болгох үйл явц юм. Энэ утгаараа ардчиллыг бэхжүүлэх, улс төрийн намыг төлөвшүүлэх, улс төрийн соёлыг бий болгох, иргэдийн аюулгүй оролцоог хангахад чухал нөлөөтэй. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр энэ удаагийн ээлжит сонгуулийг 48 мандат бүхий пропорцинал, 78 мандат бүхий мажоритар зонхилсон холимог тогтолцоогоор явуулахаар болсон. Энэ нь нам, эвсэл, нэр дэвшигч төдийгүй сонгогчдын өмнө шинэ сорилт болоод байна.

Парламентын суудлын тодорхой хэсгийг мажоритар тогтолцоогоор, үлдсэн хэсгийг пропорциональ тогтолцоогоор хуваарилдаг тогтолцоог холимог гэнэ. Холимог тогтолцоо нь өөр өөр томьёололтой сонгуулийн хоёр тогтолцоог зэрэгцүүлсэн (Paralell system-PS) буюу сонгогчид хоёр эсвэл үүнээс дээш тооны санал өгч, энэ нь сонгуулийн олонхын болон хувь тэнцүүлсэн хэсэгт тус тусад нь тооцогддог. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулинд зааснаар “Олныг төлөөлөх (мажоритар) арга” гэж тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү бөгөөд хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцохыг ойлгоно. “Хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) арга” гэж сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн авсан саналынх нь тоо, хувьд үндэслэн энэ хуульд заасны дагуу суудал хуваарилж, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцохыг ойлгоно гэжээ. Энэ тогтолцоог 1950-аад оноос эхэлж хэрэглэж эхэлсэн. Одоогоор Герман, Итали, Япон, Унгар, Албани, Өмнөд Солонгос, Украйн, Армян, Литва, Молдава, Шинэ Зеланд зэрэг дэлхийн улс орны 15 орчим хувь нь ашиглаж байна. Гол давуу тал нь мажоритар тогтолцоогоор өрсөлдөөд амжилт үзүүлээгүй жижиг намууд авсан саналынхаа хэмжээтэй хувь тэнцэх суудал авдаг. Сонгогчдын санал гээгдэх буюу хувь тэнцвэргүй байдлыг багасгадаг.

Манай улс бүсчилсэн хөгжлийг хангах зорилгоор анх удаа 13 тойргоос 78 гишүүнийг сонгох бөгөөд орон нутгийн 7 тойрогт 54 мандат, хотын 6 тойрогт 24 мандатын төлөө нэр дэвшигчид өрсөлдөх болж байна. Энэ нь өмнөх сонгуулиудын газар нутгийн төлөөллөө хангаж мандат хуваарилах зарчмын алдааг мөн давтсан дүр зурагтай байгаа. Өнөөдөр нийт хүн амын 49,51% нь амьдардаг нийслэл хотын иргэдийг 30,76%-ийн төлөөлөл хангахаар хуульчилсан нь Улаанбаатар хотод бага хувиар санал авах намуудад ашигтай, харин Улаанбаатар хотод ахиу хувиар санал авах намуудад хохиролтой байх болно.

“Олныг төлөөлөх (мажоритар) арга”-ын хувьд сонгуулийн тойрог том, сурталчилгааны хугацаа 17 хоног учраас сонгогчид “Хэн нь хэн бэ?” гэдгийг таних боломж бага, олны танил нэр дэвшигчид болон нутгийн нэр дэвшигчдээ сонгох магадлал өндөр байна. Иймд нам, эвслийн зүгээс шинээр нэр дэвшигчдээ хүчтэй лидер дагуулах, өмнө өрсөлдөж байсан тойрогт нь дахин өрсөлдүүлэх нь зүйтэй юм. Урьдчилсан байдлаар 1 тойрогт багаар бодоход 30-50 нэр дэвшигч (Палестинд 87 нэр дэвшигч 1 тойрогт өрсөлдөж байсан) өрсөлдөх магадлалтай учраас нам, нэр дэвшигчдийн зүгээс сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, саналаа хэрхэн өгөхийг нь зааж өгөх нь чухал.  

 “Хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) арга”-ын хувьд саналын босго 4% болж буурсан учраас жижиг намуудад боломж гарч ирнэ. Иймд багийн ажиллагаа, нам, эвслийн эв нэгдэл хамгийн чухал. Мөн 1 тойрогт тултал нь нэр дэвшүүлэх хэрэггүй, санал хуваагдах аюултай. Ялангуяа орон нутагт баттай тойрог, үндсэн  дэмжигчидтэйгээ тулж ажиллах, хүчээ дэмий тарамдах хэрэггүй. Нам, эвслийн зүгээс хуульд заасан хугацаанд багтаж сонгогчдын нэрийн жагсаалтын хуулбарыг авч нягтлан шалгах, сонгуулийн оролцоо хамгийн бага байдаг хувийн бизнес эрхлэгчид, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах нь зүйтэй юм.

Уг нь сонгуулийн санал хураалтад сонгогчид оролцохоос зайлсхийсэн улс төрийн үзэгдлийг “Абсентизм” гэсэн нэр томъёогоор илэрхийлдэг. Абсентизмтэй тэмцэх оролдлогыг олон оронд хийдэг. Австрали, Австри, Бельги, Голланд, Латин Америкийн орнуудад сонгуульд иргэдийг зайлшгүй оролцохыг албан ёсоор шаарддаг ч дийлэнх улс орон албан хүчээр дайчлахаас илүүтэй судалгаан дээр үндэслэж “Мэдээллэх, сурталчлах, урамшуулах, сонгогчийн боловсрол олгох” хэлбэрээр энэ асуудлыг шийддэг. Эдгээрээс хамгийн үр дүнтэй арга нь сонгогчийн боловсролыг дээшлүүлэх явдал юм. “Ямар ард түмэн байна, тийм төр засаг бүрэлддэг” гэсэн хэлц үг байдаг. Иймд сонгогч таны гарт төр засгийн эрх мэдэл байгаа гэдгийг санаж, илүү хэрсүү, ухаалаг сонголт хийх хэрэгтэй цаг үе ирээд байна.

Эцэст нь сонгуульд өрсөлдөх нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн кампанит ажлын гарааны цэг нь “Тухайн тойргийн улс төрийн нөхцөл байдлыг тодорхойлох судалгаа” гэдгийг хэлэх нь илүүц биз. Иргэдийн нам, улс төрчдөд итгэх итгэл алдарсан нь суурь судалгаагүйгээр хэт агаарын юм ярьж, биелэгдэх боломжгүй амлалт өгдөгтэй шууд холбоотой. Судалгаа нь нэр дэвшигчдийн “луужин” болох бөгөөд нэгдүгээрт, мэргэжлийн түвшинд хийгдэх ёстой хоёрдугаарт, үе шаттай байх ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй.

Улс төр судлаач Д.Одмаа (Доктор Ph.D, дэд профессор)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656369
13 эможи

Зочин
2024-04-21 00:42
Амжилт мундаг хүн шүү иймэрхүү чадвартай хүмүүс Улс төрд ороосой
keyboard_arrow_up