COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Үр харам шүү дээ

2018 оны 6 сарын 20

Үр харам шүү дээ

Гэрэл зургийг unuudur.mn

“Үхтэл үр харам” гэж үрийнхээ төлөө голоо гогдтол явдаг хүн гэдэг өөр дээрээ тэр тусмаа үнэнтээ нүүр тулаагүй л бол бусдын зовлонд өр нимгэн ханддаггүй бололтой. Дэм дэмэндээ байхад дэвжинэ дээ гэдэг буурлуудын маань сургааль үнэгүйдсэн нийгэмд бид аж төрж байна. Монголын үрс маш олон болтугай гэж дарга нар уриа лоозон аятай тунхаглаж ярьсаар чихнээ хэдийнэ хоногшжээ. Олуулаа байх сайхан. Олуулаа ч болмоор байна. Саяхан даа Монгол түмэн гурван сая дахь иргэнээ өлгийдөж аваад хөл хөөр болж байв. Цаашлаад дөрөв, тав дахь сая иргэнийхээ тухай он цагийг өртөөлсөн төрлийн хэлхээний талаар ч ярьцгааж байлаа.

Дэврүүн сайхан хүсэл мөрөөдөлтэй дэгэж дэрвэх сайхан. Ядаж л санаа сэтгэл өөдрөг, өөрөө өөрийгөө хэсэгтээ л баясгана. Гэхдээ бодит байдалтай тулах үе л амаргүй. Яг үүнтэй адил хүн амаа өсгөнө гэж лоозонддог шигээ саваа бид бэлдсэн бил үү. За тэр эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ, сургуулийн өмнөх боловсролын хүрэлцээ, хангамжийг нийслэлд яриад ч хэрэггүй. Ядаж л хүүхэд эрүүл аюулгүй орчинд тоглож наадах газар орчин алга байна шүү дээ.

Зүрх шимширч байна. 11-хэн настай бяцхан үр дайн дажингүй, бослого, тэмцэлгүй амар амгалан ноёлсон Монголд минь амиа алдлаа. Сургуулийнхаа хөлбөмбөгийн тоглоомын талбайд тоглож асан хүү эргэж ирэхгүйгээр алсын алсад одлоо. Гэмгүй, хоргүй, хиргүй сэтгэлээрээ тэр гэгээ татуулж гэрээ гийгүүлдэг байсан нь мэдээж. Гэрийнх нь, сэтгэлийнх нь хойморт манддаг байсан тэр наран  дахиж зул шиг бадамлахгүйгээр жаргасанд гэр бүлийнхэнд нь ямар хүнд байгааг үгээр илэрхийлэх аргагүй. Өр өмөрч, сэтгэл эмтэрч сууна.   

Сургууль, цэцэрлэг амарч чөлөөт цагаа өнгөрөөх газаргүй болсон гэгээхэн, цагаахан үрс маань нэг хэсэг нь хөдөө “цөлөгдөж”, хотод үлдсэн зарим нь гэртээ цоожлогдож, бүр нөгөө хэсэг нь тоглох газар хайж бэдэрнэ. Ийм орчин нөхцөлгүй хэр нь дэлхийн хэмжээний бодлого, улс төр ярьж сайрхдаг, тэндээсээ төсөл нэрээр зувчдаг нийгэмтэй байхыг ардчилал гэдэггүй байх. Бид үр хүүхдэдээ санаа зовохгүйгээр гадаах тоглоомын талбайдаа тоглуулах боломжгүй айдас хүйдэстэй, амар амгалан ноёлоогүй орчин аж төрж байх. Үр хүүхдээ хараа хяналтгүй хаялаа гэж баалах, зандрах, ширэв татах харгис нийгэм, цаг үе хамжлагат төрийг санагдуулна.  

Хэний ч үр ялгаагүй. Монгол Улсын хүн амын сая гаруй нь бяцхан үрс. Энэ олон үрсийг эрүүл, аюулгүй орчинд нөхцөлд амьдруулах суурь эрхээр нь хангаж өгөхийг бодлого боловсруулагчдаас гуйя. Хүнээ, төрөө дээдлэе. Гэгээхэн, цагаахан үрсийн минь гэрэл цацрах тэр замд сүүдэр бүү тусаг.

Эх сурвалж: EAGLE.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
16
ouch an post
2
confuse an post
angry an post
1
58725
23 эможи

keyboard_arrow_up