Д.Дашзэвэг:ХЗДХС-ын нэрэмжит уралдаан нь шүүх шинжилгээний салбарт бодит хувь нэмэр оруулж байна

Шинжлэн магадлахуйн доктор, цагдаагийн дэд хурандаа З.Сүлд багштайгаа хамтарч 2025 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит уралдааны “Грант олгох төсөл” төрөлд “Амьтны биед хэмжилт хийх сургалтын төлөвлөгөө” сэдэвт хавсарга төслөөр “ТЭРГҮҮН БАЙР” -д шалгарсан юм.
Манай улсын хувьд байгаль орчны эсрэг гэмт хэрэг, хууль бус агнуур, амьтны гаралтай түүхий эд болон органийн хууль бус худалдаатай тэмцэхэд шүүхийн шинжилгээ, криминалистикийн нарийн хэмжилт, оношилгооны арга зүй нэн шаардлагатай байгаа билээ. Сүүлийн жилүүдийн судалгаа, тоо баримтаас харахад экологийн гэмт хэргийн нотлох баримтыг цуглуулах, амьтны бие болон морфометрийн нарийвчилсан шинжилгээ хийх мэргэжлийн чадавхыг сайжруулах зайлшгүй шаардлага тулгарч байсан.
Тухайн үед судалгааны практикт тулгарч байсан энэхүү асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэрлэх, сургалтын системд нэвтрүүлэх шаардлагатай байсан нь бидний төслийг амжилттай хэрэгжүүлэх гол хөшүүрэг болсон.
Энэхүү грант төслийн хүрээнд бид боловсруулсан сургалтын төлөвлөгөө, арга зүйгээ амьдрал дээр бодитоор хэрэгжүүлж, Хөвсгөл болон Булган аймгийн нийт 134 алба хаагчдад практик сургалтыг амжилттай зохион байгуулсан. Энэхүү сургалт нь орон нутагт ажиллаж буй алба хаагчдад яг дутагдаж, үгүйлэгдэж байсан мэдлэг, арга зүйг олгож чадсанаараа маш их үр өгөөжтэй, цаг үеэ олсон ажил болсон юм. Алба хаагчдын зүгээс өдөр тутмын ажилдаа шууд ашиглах боломжтой практик мэдлэгийг олж авснаа онцолж байлаа. Түүнчлэн төслийн хүрээнд гарын авлага гарсан.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит шагнал хүртсэндээ маш их баяртай байдаг. Энэхүү шагнал нь Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухаан, шүүхийн шинжилгээ, криминалистикийн салбарын эрдэм шинжилгээ, инновацыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг нэн чухал шагналуудын нэг юм.
Түүнчлэн энэхүү төслийг хэрэгжүүлснээр салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, цаашид судалгаа шинжилгээний ажлыг гүнзгийрүүлэн хийх өргөн боломжийг нээж өгсөн. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох байгууллагууд шинжлэх ухаанч хандлагыг эрхэмлэж, криминалистикийн оношилгоо, сургалтын шинэ арга зүйд тусгайлан анхаарал хандуулж байгаагийн илэрхийлэл гэж үзэж байна.
Грантын мөнгөн урамшуулал нь бидний хувьд сургалтын төлөвлөгөө, гарын авлага болон практик дадлага ажлын модулийг боловсруулан хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн бодит дэмжлэг болсон. “Грант олгох төсөл” шалгаруулах уралдаан нь салбарын судалгаа шинжилгээг амьдрал дээр бодитой хэрэгжихэд томоохон хөрөнгө оруулалт болж байдгаараа өндөр ач холбогдолтой.
Энэхүү уралдаан нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд судлаач, шинжээч, багш та бүхнийг энэхүү уралдаанд өргөнөөр оролцохыг уриалж байна.
Та бүхэн энэхүү уралдаанд оролцсоноор шинжлэх ухааны байгууллагууд болон хууль сахиулах байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээс гадна судалгааны арга зүйгээ сайжруулж, судалгааныхаа үр дүнг шүүх шинжилгээний практикт бодитой хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлнэ.
Иймд салбарын эрдэмтэн, судлаачид, шинжээчид, профессор, багш, суралцагчдыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит “Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл, оюутны шилдэг илтгэл, грант олгох төсөл” шалгаруулах уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Эрдэм номын ариун үйлс, судалгаа шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье!
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын шинжилгээний лабораторийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Д.Дашзэвэг
