СУРВАЛЖИЛГА: “Гэрт ойрхон сургууль“ буюу хотхоны сургууль нээгдээгүй бол 3 ээлжээр хичээллэх байсан

Хотхоны бага сургуулийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр нийслэлийн зарим ерөнхий боловсролын сургуулийн ачаалал буурч, хүүхдүүд гэртээ ойр орчинд суралцах боломж бүрджээ. Харин шинэ сургалтын орчин, дижитал хэрэглэгдэхүүн, хоол үйлдвэрлэлийн үйлчилгээг зэрэгцүүлэн нэвтрүүлж байгаа нь уг хөтөлбөрийн нэг онцлог болж байна.
2026-2027 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүүхдийг гэрт нь ойр сургуульд сургах зорилгоор нийслэлийн таван дүүрэгт нийт 21 хотхоны бага сургууль ажиллаж эхэлжээ.
Үүний 5 нь төрийн өмчийн цэцэрлэгийн байр, 16 нь иргэн, аж ахуйн нэгжийн өмчлөлийн байр бөгөөд эдгээрт 1-5 дугаар ангийн 243 бүлгийн 8637 хүүхэд суралцаж байна.
“Хэрэв хотхоны сургууль нээгдээгүй бол гурван ээлжээр хичээллэх байсан”
НЕБ-ын Хөгжил сургуулийн захирал С.Энх-Ариуны ярьснаар хотхоны бага сургууль ашиглалтад орсноор тус сургуулийн ачаалал мэдэгдэхүйц буурчээ.
Тэрбээр “Хотхоны бага сургууль байгуулагдсаны үр дүнд манай сургууль хоёр ээлжээр хичээллэх боломжтой болж, нэг багшид оногдох хүүхдийн тоо багассан. Багшийн ачаалал мөн буурсан. Хэрэв хотхоны бага сургуулийг нээж ашиглалтад оруулаагүй байсан бол манай сургууль гурван ээлжээр хичээллэж, нэг багшид 40-50 хүүхэд оногдохоор тооцоо гарч байсан” хэмээн онцоллоо.
Түүнчлэн хүүхдүүд гэртэйгээ ойр сургуульд суралцах боломж бүрдсэнээс гадна нэгдүгээр ангийн сургалтын хөтөлбөр шинэчлэгдэж, багш нарыг дижитал сургалтын хэрэглэгдэхүүнээр 100 хувь хангажээ.
Сургалтын орчныг мөн шинэчилж, сургууль өөрийн гал тогоотой болсон байна. Ингэснээр хүүхдүүдэд эрүүл, амт чанартай хоолоор үйлчлэх боломж бүрдсэн нь эцэг эх, сурагч, багш нарын сэтгэл ханамжид эерэгээр нөлөөлж байгаа аж.
377 сурагч есөн бүлэгт, хоёр ээлжээр хичээллэж байна

НЕБ-ын 58 дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежер Б.Норов "Сургуулийн хамран сургах тойрогт 15, 16, 17 дугаар хорооны хүүхдүүд хамрагддаг бөгөөд өмнө нь төв сургуулийн байрны багтаамж хүрэлцдэггүй байсан. Тиймээс 1 км гаруй зайд байрлах зуслангийн чиглэлд 3-5 дугаар ангийн хүүхдүүдийг хичээллүүлэх шаардлага гардаг байсан байна.
Харин гэрт ойр сургуулийн хөтөлбөр хэрэгжсэнээр бага ангийн хүүхдүүд төв сургуульдаа суралцах боломжтой болж, багш, сурагч, эцэг эхийн аль алиных нь ачаалал буурсан.
Сургуульд энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн 377 сурагч есөн бүлэгт хуваагдан, хоёр ээлжээр хичээллэж байна.
Анги бүрд ухаалаг самбар байршуулсан нь багшийн сургалтын бэлтгэлийн ачааллыг бууруулсан байна. Өмнө нь үзүүлэнгийн материалаа цаасан дээр хэвлэж бэлтгэдэг байсан бол дижитал хэрэглэгдэхүүн ашиглах боломжтой болжээ.
Мөн хүүхдүүд олон үйлдэлт ширээг ашиглан суралцаж байгаа нь сургалтын орчны шинэчлэлийн нэг хэсэг болж байна." гэв.
“Өмнө нь гурван автобус дамждаг байсан”

Гэрт ойр сургуульд хүүхдээ сургаж буй эцэг эхчүүдийн хувьд замын түгжрэл, унааны зардал, хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой асуудал мөн буурчээ.
Нэгэн эцэг эхийн төлөөлөл: “Өмнө нь хүүхдүүд маань сургуульдаа очихдоо автобусаар гурван дамжиж явдаг байсан. Харин гэрт ойр сургууль хөтөлбөр хэрэгжсэнээр нэг автобусаар ирэх боломжтой болсон. Энэ нь бидний хувьд ихээхэн хөнгөвчлөл болж байна” хэмээн ярив.
Мөн өөр нэг эцэг эхийн төлөөлөл хотхоны бага сургууль ажилласнаар хүүхдээ хүргэж өгөхөд зарцуулдаг цаг, автомашины шатахууны зардал багасаж, хүүхдүүд аюулгүй орчинд суралцах боломжтой болсныг онцолсон юм.
Шинэчилсэн сургалтын хөтөлбөрөөр хүүхдүүд тоглонгоо суралцаж байгаа нь эцэг эхчүүдийн сэтгэлд нийцэж байгаа аж.
Гэхдээ эцэг эхийн зүгээс биеийн тамирын хичээл явуулах орчин, нөхцөлийг цаашид сайжруулах шаардлагатай байгааг мөн хэлж байна.
21 хотхоны бага сургуульд 8637 хүүхэд хамрагджээ
Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшингийн мэдээлснээр 2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн таван дүүрэгт нийт 21 гэрт ойр, хотхоны бага сургууль байгуулжээ.
Эдгээр сургуульд 1-5 дугаар ангийн 243 бүлгийн 8637 хүүхэд хамрагдан хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
Тухайн байруудыг ашиглахтай холбоотой тохижилтын зардлыг Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/1112 дугаар захирамжаар, байр болон холбогдох зардлын асуудлыг Боловсролын ерөнхий газрын даргын 2026 оны А/195 дугаар тушаалаар тус тус шийдвэрлэсэн байна.
Гэрт ойр сургууль зөвхөн зайны асуудал биш
Хотхоны бага сургуулийн хөтөлбөрийн гол үр дүн нь хүүхдийг гэртэй нь ойр сургуульд сургах төдийгүй төв сургуулийн хэт ачааллыг бууруулах, багшийн ажлын ачааллыг багасгах, сургалтын орчныг шинэчлэхэд чиглэж байна.
Багш нарын хувьд дижитал хэрэглэгдэхүүн, ухаалаг самбарын хүртээмж нэмэгдсэн бол хүүхдүүдийн хувьд гэртээ ойр, харьцангуй аюулгүй орчинд суралцах боломж бүрджээ. Харин сургалтын байр, ялангуяа биеийн тамирын хичээл явуулах орчин зэрэг зарим асуудлыг цаашид шийдвэрлэх шаардлага байгааг эцэг эхчүүдийн байр суурь харуулж байна.
Ийнхүү “Гэрт ойр сургууль” санаачилга нь нэг талаас сургуулийн ачааллыг бууруулж, нөгөө талаас хүүхэд, эцэг эхийн өдөр тутмын цаг хугацаа, замын зардлыг хэмнэх шийдэл болж эхэлжээ. Цаашид шинээр бий болсон сургалтын орчны чанар, хүртээмжийг тогтвортой хадгалж, үлдэж буй асуудлуудыг шийдвэрлэх нь хөтөлбөрийн дараагийн чухал алхам болох юм.









