Иргэн: Би уйлмаар байна, хүүхдийг минь яаж байгаа юм бэ?

Нийслэлийн 125 дугаар цэцэрлэгийн дунд бүлгийн багш хичээлийн хэрэгсэл авчраагүй хүүхдийг юу хийлгэхгүй суулгасныг хүүхдийн ээж олон нийтийн сүлжээнд хуваалцжээ.
Тэрээр "Манай хүүхэд 3 настай дунд бүлэгт сурдаг. Хичээлийн хэрэгслээ хугацаанд нь авчраагүй нь үнэн, үүнд би эцэг эхийн хувьд хариуцлагаа хүлээж байгаа. Гэхдээ 2026.09.17-нд багш бусад хүүхдүүдэд цаас, харандаа өгч хичээл хийлгэхдээ хүүхдэд маань зориуд өгөөгүй.
Би багшаас учрыг нь асуухад “Зориуд өгөөгүй. Бусад хүүхдийнхийг нөхөх алба байхгүй, хичээлийн хэрэгсэл авчирч өг" гэж хэлсэн. Хүүхдийн хэрэгслийг эцэг эх нь авч өгөх ёстойг би ойлгож байгаа. Гэхдээ хүүхдийг эцэг эхийн алдаанаас болж хичээлийн үйл ажиллагаанд оролцуулахгүй, бусад хүүхдээс нь ялгаатай байлгаж болох уу. Би бүр уйлмаар байна. Хүүхдийг минь яаж байгаа хэрэг вэ?
Олон хүүхэдтэй айлууд арай гэж сургуульд оруулсан, есдүгээр сардаа багтаад хичээлийн хэрэгсэл өгдөг. Гэтэл миний хүүг бүлтэлзүүлж ялгаж харьцсанд би маш их гомдож байна. Би 4 хүүхэдтэй, 20 жил цэцэрлэг сургуульд хүүхдээ өгч олон багш нартай харьцаж байсан. Анх удаа ийм багш харлаа" гэжээ.

