ОТИС-ийн хэрэгжүүлж буй Erasmus+ төслүүд UNCCD COP17 хурлын цэнхэр бүсийн онцлох үйл явдал боллоо

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2026 оны 8 дугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж дэлхийн 197 орны Засгийн газар, эрдэмтэд, хувийн хэвшлийн 12,000 гаруй төлөөлөгч оролцож байна.
Тус арга хэмжээг Боловсролын яам, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Монгол Улсын их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Отгонтэнгэр их сургууль хамтран зохион байгууллаа.
Отгонтэнгэр их сургууль (ОТИС) нь UNCCD COP17 уур амьсгалын боловсролын хэлэлцүүлэгт Европын Холбооны санхүүжилттэй үндэсний хэмжээний хоёр том төслөө танилцуулсан нь хурлын Цэнхэр бүсийн гол онцлох үйл явдлуудын нэг боллоо.
ОТИС нь эдгээр төслүүдийг Монгол Улсад үндсэн зохицуулагчаар нь ажиллаж хэрэгжүүлдэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг боловсролын шинэчлэлийг түүчээлж байна.
Тус төслүүдийн үндсэн агуулга нь COP17-ийн зорилттой дараах байдлаар уялдаж байна.

ERASMUS+ RETEACH буюу “Монгол Улсад багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилтэд нийцүүлэн шинэчлэх” төсөл юм. Уг төсөл нь ногоон ур чадварыг ирээдүйн багш бэлтгэх тогтолцоонд нэвтрүүлэхдээ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг эко-боловсролыг сургалтын хөтөлбөрт нь суулгаж байгаа юм. Европын холбооны Румын, Итали улсын их сургуулиудын туршлагад тулгуурлан Монголын багш бэлтгэдэг их, дээд сургуулиудын чадавхыг бэхжүүлж байгаа нь COP17-оос уриалж буй урт хугацааны эко-иргэнийг төлөвшүүлэх зорилттой шууд нийцэж байгааг онцлон тэмдэглэж байна.
ERASMUS+ MONGWBL төсөл нь “Монгол Улсын Дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалт (Work-Based Learning)-ыг нэвтрүүлж, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх” үндсэн зорилготой юм. Энэхүү төсөл нь төгсөгчдөд ажиллангаа суралцаж практик чадвар эзэмших болон ногоон ажлын байрыг бүрдүүлэх, оюутнуудыг суралцах хугацаандаа шууд ажлын байран дээр гарч дадлагажих эрх зүйн орчин, сургалтын загварыг бүрдүүлсэн. Түүнчлэн энэхүү хөтөлбөр нь COP17-ийн үеэр хэлэлцэгдэж буй “Ногоон ажлын байр” болон байгаль орчинд ээлтэй бизнес, хувийн хэвшлийн дунд мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэхэд гүүр болж буйгаараа ихээхэн ач холбогдолтой юм.
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэл нь зөвхөн мод тарих биш, харин иргэдийн сэтгэлгээг өөрчлөх, ногоон боловсрол олгохоос эхэлдэг тул эдгээр санаачилгууд туйлын чухал юм.
Дээд боловсролын хөгжлийн чиг хандлага “Building Green Skills” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, оюутан залуусыг ирээдүйд бий болох “ногоон” ажлын байруудад бэлтгэхэд чиглэж байна. Өсвөр үеийнхнийг зөвхөн сонсогч биш, шийдвэр гаргагч, идэвхтэй оролцогч байх ур чадваруудыг эзэмшүүлэхэд анхаарлаа хандуулж байна. Энэхүү шинэчлэл өөрчлөлтөд их сургуулиуд судалгааны ажлуудаараа COP17-ийн шийдвэрүүдэд шинжлэх ухааны суурьтай хөгжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулах нь дамжиггүй юм.












