Дотоод хэргийн их сургуулийн “ЭРДМИЙН БАЯР” боллоо

Алдар гавьяа, амжилт бүтээлийн 92 жилийн баялаг түүхтэй Сүхбаатарын ба Цэргийн гавьяаны улаан туг, Байлдааны гавьяаны одонт Дотоод хэргийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн “Эрдмийн баяр”-ын ёслолын ажиллагаа өнөөдөр (2026.06.19) Их сургуулийн жагсаалын талбайд боллоо.
Ёслолын ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, бригадын генерал Т.Сүхболд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Гантуяа, паралимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хурандаа Э.Содномпилжээ, паралимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, У.Сүрэнжав болон Их сургуулийн удирдлагын бүрэлдэхүүн, албан хаагчид, төгсөгчид, ар гэрийн төлөөлөл оролцов.

Энэ үеэр Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, бригадын генерал Т.Сүхболд “Өнөөдөр төгсөлтийн баярын өдөр, мөн бахархлын өдөр гэдгийг онцолмоор байна. Дотоод хэргийн их сургуульд хүссэн болгон элсэж чаддаггүй. Үе тэнгийн олон залуусын өрсөлдөөн дундаас шалгарч насан туршдаа Их сургуулиараа овоглох эрхэм алдрыг Та бүхэн олж авсан.
Дотоод хэргийн их сургуульд элссэн болгон төгсөж чаддаггүй. Элсэлтээс төгсөлт хүртэлх хугацаанд олон бэрхшээл, сорилтыг мэдлэг-оюун, ур чадвар, тэсвэр, тэвчээр, хичээл, зүтгэл, анги хамт олны хүчээр та бүхэн даван туулсан Та бүхэн өөрсдөөрөө бахархах бүрэн эрхтэй” хэмээлээ.

- Дотоод хэргийн их сургуулийг 2025-2026 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрөөр 560 гаруй сонсогч, Удирдлагын академийг 21 суралцагч төгсөж байна.
- “Эрдмийн баяр”-аар төрөлх сургуулийнхаа түүхийн хуудсанд мөрөө үлдээж, сурлага, судалгааны ажил, урлаг, спортын амжилтаараа манлайлсан төгсөгчдөд Их сургуулийн захирлын тушаалаар шагнал гардууллаа.
- Дотоод хэргийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн сүүлчийн хонх жингэнэж, төгсөгчид ёслолын жагсаалаар алхсанаар “Эрдмийн баяр”-ын үйл ажиллагаа өндөрлөв.
- Эх орныхоо дөрвөн зүг найман зовхист дотоод аюулгүй байдлыг хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хэрэгжүүлэхээр мордох гэж буй төгсөгчдөдөө амьдралд нь аз жаргал, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.









