Я.БАТГЭРЭЛ: Манай сургууль төлбөргүйгээс гадна СОНСОГЧИД сар бүр ЦОЛНЫ ЦАЛИН авдаг

Сургалт, судалгааны 403 дугаар анги-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Иргэний шийдвэр гүйцэтгэлийн тэнхимийн профессор, доктор, хурандаа Я.Батгэрэлтэй тус сургуулийн бакалаврын хөтөлбөрийн талаар ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль ямар хөтөлбөрүүдээр элсэлт авч байгаа вэ?
-Сургалт, судалгааны 403 дугаар анги-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль нь БМИҮЗ-өөс 2025 онд магадлан итгэмжлэгдсэн “Аюулгүй байдал судлал”, “Нийгмийн ажил” бакалаврын сургалтын хөтөлбөр, хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл” хөтөлбөрөөр элсэлт авч байна.
-Хөтөлбөр тус бүрийн онцлогийг товч танилцуулна уу?
-“Шүүхийн шийдвэр гүйцэтгэл” сургалтын хөтөлбөрийн тухайд “Өнөө үед иргэд, байгууллага хоорондын эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус гэрээ хэлцэл нэмэгдэж, үүнтэй холбоотой иргэний хэргийн зөрчил маргааныг шүүхээр шийдвэрлэсэн шийдвэрийн биелэлтийг хангах харилцаа нэмэгдэж байна. Тус хөтөлбөрөөр төгссөн суралцагч нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж хохирсон иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг сэргээн эдлүүлэх чиглэлээр, “Аюулгүй байдал судлал” сургалтын хөтөлбөр нь захиалагч байгууллагын болон нийгмийн эрэлт хэрэгцээнд тулнуурлан хүний эрхийг хангаж, улс орны дотоод аюулгүй байдлын талаар мэргэшсэн алба хаагчийг бэлтгэдэг. Харин “Нийгмийн ажил” хөтөлбөр нь нийгмийн тэгш байдал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, ёс суртахуунтай, нийгмийн ажлын үйлчилгээг багаар болон бие даан үзүүлэх мэргэжлийн ур чадвартай албан хаагчийг бэлтгэдэг онцлогтой.
-Ямар хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгөх вэ. Мөн босго онооны талаар мэдээлэл өгнө үү?
-Манай сургуулийн хэрэгжүүлж байгаа “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл”, “Аюулгүй байдал судлал” хөтөлбөрт Нийгмийн судлал, Англи хэлний хичээлийн аль нэгээр 450 оноо, ур чадварын шалгалтын 500 оноо авсан байх, “Нийгмийн ажил” хөтөлбөрт нийгэм судлал, англи хэлний хичээлээр 490 оноо, ур чадварын шалгалтын 500 оноо авсан байх шаардлагатай.
-Ур чадварын шалгалтын талаар мэдээлэл өгнө үү?
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төрийн цэргийн байгууллага учраас элсэгчдээс ур чадварын шалгалт авах ёстой болдог. Ур чадварын шалгалт нь эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн сорилоос бүрдэх бөгөөд ЭЕШ-ын босго оноог хангасан иргэдээс ур чадварын шалгалтыг нэмэлтээр авч элсүүлдэг.
-Элсэгчдэд тавигдах тусгай шалгуур, шаардлагын талаар мэдээлэл өгнө үү?
-Эрэгтэй элсэгч 17-25 хүртэл настай, 165 см-ээс дээш өндөртэй, эмэгтэй элсэгч 17-20 хүртэл настай, 160 см-ээс дээш өндөртэй, ял шийтгүүлж байгаагүй, өмнө нь ДХИС-ийн аль нэг хөтөлбөрт суралцаж сахилга, ёс зүйн зөрчлөөр сургалтаас хасагдаагүй байх зэрэг шаардлагууд тавигддаг.
-Танай сургуулийн сургалтын онцлог, давуу тал юу вэ?
-Сургалт, судалгааны 403 дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль нь Их сургуулийн 2014, 2021 онд “ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ”-аар, 2024 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын профессорын судалгааны баг “ТЭРГҮҮНИЙ ПРОФЕССОРЫН СУДАЛГААНЫ БАГ”-аар, багш нарын төлөөлөл “Тэргүүний залуу судлаач”, Тэргүүний заах арга зүйч багш, “Тэргүүний ахлах офицер”-оор зургаан удаа шалгарсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын боловсон хүчнийг чадавхжуулах чиглэлээр профессорын судалгааны баг, мэргэжлийн тэнхимийг түшиглэн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл” магистр, докторын сургалтын хөтөлбөрийг 30 гаруй суралцагчтайгаар эрхлэн явуулж, сургалтын хөтөлбөрийг БМИҮЗ-өөр магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Орчин үеийн гадаад, дотоодын их, дээд сургуулийн сургалтын чиг хандлага нь ирээдүйн хөгжлийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн сургалтын хөтөлбөрийг тасралтгүй тогтмол сайжруулахад чиглэгдэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн хувьд энэхүү жишиг, чиг хандлагыг даган сургалтын хөтөлбөрийг шинэчлэх ажлыг зохион байгуулж ажиллахын зэрэгцээ үр дүнд суурилсан сургалтын тогтолцоог нэвтрүүлэх, захиалагч байгууллага /ШШГЕГ/-ын хэрэгцээ, шаардлагад нийцсэн боловсон хүчнийг бэлтгэж байна.
Сургалт, судалгаа, сонсогч, суралцагчдын хөгжлийн чиглэлээр Оросын холбооны улсын Томскийн Улсын их сургуулийн Новосибирскийн хууль зүйн дээд сургууль, Монгол Улсын Боловсролын их сургуулийн Сэтгэл судлалын тэнхим, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц, эмгэг судлалын клиник, Залуу судлаач, Баянзүрх дүүргийн Улаан Загалмайн нийгэмлэг, JCI эко байгууллага, Хөгжлийн Бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв, Баярлалаа, Хөөрхөн зүрхнүүд, Бодь зул зэрэг төрийн бус байгууллагуудтай хамтарч ажилладаг.
Багш нараас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх салбарын эрх зүйн орчин, практикийн анхаарал татсан, тулгамдсан асуудлыг онол, арга зүй, технологи, зохицуулалтын түвшинд шийдвэрлэхэд чиглэгдсэн судлаачдын үзэл бодол, байр суурийг нэгтгэн олон нийтэд хүргэх, сурталчлах, хэлэлцүүлэх, мэргэжлийн дүгнэлт, санал гаргах зорилго бүхий албан ёсны хэвлэмэл болон дижитал бүтээлийн сан хөмрөг бүхий ISNN дугаартай “ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛ СУДЛАЛ” эрдэм шинжилгээний улирал тутмын сэтгүүлийг тогтмол эрхлэн гаргадаг.
Мөн Их, дээд сургуулиудын оюутан, сонсогч, суралцагчдын дунд жил бүр уламжлал болгон “Парламентын мэтгэлцээний аварга шалгаруулах”, “Шилдэг илтгэл, уран илтгэгч”, “Оюуны индэр” уралдааныг зохион байгуулж, тэдний мэдлэг, чадварт ахиц гаргаж, хандлагыг төлөвшүүлэхэд анхаарч ажилладаг.
Бид салбарын эрдэмтдээс бүрдсэн профессорын судалгааны багийг түшиглэж, үе үеийн алдартан, судлаач, онц төгсөгчдөөр бахархан, сонсогч, суралцагчдын суралцах таатай орчныг бүрдүүлсэн эрдмийн хамт олон юм.
-Энэ жил эмэгтэй элсэгч авах уу?
-ДХИС-ийн эмэгтэй элсэгч авдаг цөөхөн хөтөлбөрүүдийн заримыг манай сургууль хэрэгжүүлдэг. Тухайлбал, 2026 онд захиалагч байгууллагын ирүүлсэн хяналтын тоогоор “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл” хөтөлбөрт 15 эмэгтэй, “Нийгмийн ажил” хөтөлбөрт 5 эмэгтэй элсэгчийг элсүүлэхээр шийдвэрлэсэн.
-Танай сургуульд суралцсанаар ирээдүйд ямар ажил хийх вэ?
-Манай сургуульд суралцсанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шүүхийн шийдвэр гүйцэтгэгч болон хорих байгууллагын харуул хамгаалалт, нийгмийн ажлын чиглэлээр офицер цолтойгоор ажиллах боломж бүрдэнэ. Мөн суралцах хугацаанд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад хөрвөн ажиллах мэдлэг, чадвар бүхий алба хаагчийг бэлтгэхэд анхаарч ажилладаг.
-Элсэгч хүүхдүүдэд хандаж юу хэлэх вэ?
-Манай сургуульд суралцах нь маш олон давуу талтай. Тухайлбал, сонсогчоор суралцах хугацааг төрийн албанд ажилласнаар тооцно. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж, сонсогч цолны цалин сард 128,300 төгрөг олгогдоно. Сургалтын эхний жил их сургуулийн дотуур байранд үнэ төлбөргүй байрлан суралцана. Сонсогчийн дүрэмт хувцсаар хангагдана. Төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдана. Мөн сонсогчоор суралцсан нэг жилийг цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд дүйцүүлэн тооцно. Хувь хүний болон мэргэжлийн хувьд өсөн хөгжих боломжтой. Суралцах хугацаандаа сургалтын төлбөр төлөхгүй зэрэг маш олон давуу тал бий.

























