Д.Пүрэвсүрэн: Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үлгэрлэл их чухал Д.Пүрэвсүрэн: Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үлгэрлэл их чухал
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Д.Пүрэвсүрэн: Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үлгэрлэл их чухал

2022 оны 11 сарын 07

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leadership forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаад Монголын Сэтгэл зүйчдийн холбооны нарийн бичгийн дарга, “Мета” сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл зүйч Д.Пүрэвсүрэнг урилаа.

ЭМЧИЙН МӨРӨӨДЛӨӨ СЭТГЭЛ ЗҮЙЧ БОЛЖ БИЕЛҮҮЛСЭН

Arslan.mnБи хүүхэд байхдаа л эмч болно гэж мөрөөддөг байлаа. Харин 11, 12 настайдаа цус харж чаддаггүй, дотор муухайрч эвгүйрхдэг гэдгээ мэдсэн. Тэгээд л мөрөөдлөө аргагүй эрхэнд орхисон.

Тухайн үед манайх аавын ажлын томилолтоор БНХАУ-д амьдарч байсан юм. 15 орчим настай байхдаа тэндхийн нэгэн сэтгүүлд “Хүний биеийн өвчлөлийн 80 хувь нь сэтгэлээс гаралтай байдаг.

Сэтгэлийг анагааж байж өвчнийг анагаах нь чухал үр дүнтэй” гэсэн нийтлэл гарсан байхыг олж уншсан. Тэгээд эмч болж чадахгүй ч гэсэн, сэтгэл зүйч болвол мөрөөдлөө биелүүлэх юм байна гэсэн анхны бодол төрж байлаа.

Гэтэл аав ээж минь энэ хүслийг минь эхлээд дэмжээгүй. Чи “Шар хад”-нд, өвчтэй солиотой хүмүүстэй ажиллах юм уу гэж эсэргүүцсэн. Би ер нь жаахан өөрийнхөөрөө, зөрүүд талдаа учраас хүсэл мөрөөдлийнхөө төлөө бат зогссон. “Сэтгэл зүйч гэдэг та нарын үеийнхээс огт өөр. Миний үед хүмүүс сэтгэл зүйч дээр шүдний эмч шиг л очдог болно харж байгаарай” гэж хэлж, зүтгэсээр байгаад аав ээжийгээ зөвшөөрүүлж байлаа. Ингээд "Үй-Цай" дунд сургуулийг төгсөөд БНХАУ-д очиж ерөнхий сэтгэл судлалаар бакалаврын зэргээ хамгаалсан. Үргэлжлүүлээд Шанхайд хүүхдийн сэтгэл зүйчээр магистр хамгаалсан. Удирдагч багш нарынхаа ачаар багагүй зүйл судалж, уншиж, мэргэшиж, мэргэжилдээ улам хайртай болж байлаа.

Сэтгэл зүйн ихэнх асуудал хүүхэд насанд бий болсон талаарх судалгаа их байдаг. Хүүхэд их гэнэн цайлган байдаг ч энэ насанд авсан сэтгэл зүйн асуудал нь цаашлаад хүний амьдралын туршид нөлөөлж байдаг учир хүүхдийн сэтгэл судлалаар мэргэшихээр шийдсэн.

Хүүхдийн сэтгэл зүй Монголд ч гэлтгүй дэлхий даяар тулгамдсан асуудлын нэг. Одоо үеийн хүүхдүүд орчин болон шинэ нөхцлөөс хамаарч хөгжил нь асар хурдтай болчихсон. Бид хэдийгээр судлаад байгаа боловч тэр хурдыг нь гүйцэж амжихгүй, зарим талаар өмнөх хуучирсан арга барилаараа явсаар, тогтсон системээ олоогүй байна. Хүмүүжлийн хамгийн сайн арга барил юу юм, ямар орчинд өссөн хүүхэд эрүүл сэтгэхүйтэй өсдөг юм бэ гэдгийг одоо ч шинжлэх ухаан судалсаар байгаа.

МОНГОЛ ХҮҮХДҮҮД ААВДАА ҮНЭЛЭГДЭХИЙГ ХҮСДЭГ

Монгол гэр бүлүүдийг харахад аав нарын оролцоо бага санагддаг. Хэдийгээр нэг гэрт байгаа боловч анхаарал тавьж байгаа нь үл хайхарсан шинжтэй. Тэнд нэг хүн байгаа гэсэн мэдрэмж өгөхөөс биш, багаас нь хүүхэдтэйгээ тоглодоггүй, тэгсэн мөртлөө өсвөр насанд ирэхээр нь хүүхэд маань намайг тоохоо больчихлоо, надтай харьцдаггүй гэж гомдоллодог. Гэтэл үнэндээ бага насанд нь анхаарч ойртож байж тэр харилцаа тогтдог. Анхнаасаа тогтоогүй харилцаа өсвөр насанд гэнэт бий болоод хүүхэд “Ааваа, би тантай тогломоор байна” гэж хэзээ ч хэлэхгүй.

Монгол хүүхдүүдийн нэг онцлог нь аавдаа үнэлэгдэхийг маш их хүсдэг. Ихэнхдээ аавууд ямар дүрээр гарч ирдэг вэ гэхээр шүүмжилдэг, болохгүй юм хийсэн бол сүр хүч үзүүлдэг.

Гэтэл нөгөө хүүхэд маань зоригтой байхын тулд аав намайг хамгаалж байгаа, аав надад итгэж байгаа гэсэн мэдрэмжүүдийг авахыг хүсээд байдаг. Ингээд эрэгтэй хүүхдүүдийн хувьд дээр хэлсэн аавдаа итгэх, аавыгаа өөрт нь итгэж байгааг мэдрэх мэдрэмжүүд нь хөгжиж чаддаггүй. Цаашдаа хүнээс юм асууж чаддаггүй, айж бэргэдэг эсвэл юм ойлгосон үгүйгээ ч илэрхийлж чаддаггүй болчихдог.

Энэ бүхнийг зохицуулахад аав нар гол фигур болж өгч байдаг. Ээж бол хайрыг илүү илэрхийлдэг. Хайр гэдгийг хэрхэн мэдрэх гэдэг мэдрэмжийг хайрлаж, аргадаж байгаа хэлбэрээр хүүхдэд суулгадаг.

ХҮҮХЭД ӨСГӨХ НЬ ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ХУВЬД ТОМ СОРИЛТ

Блиц:

Боловсрол:

-2011 онд, Сэтгэл судлалын бакалавр, Зүүн хойд Хятадын уламжлалт их сургууль,

-2013 онд, Сэтгэл судлалын магистр, Зүүн Хятадын Багшийн их сургууль, Шанхай, БНХАУ

-2017 онд, Эрх зүйн Бакалавр, Шихихутуг их сургууль

Ажлын туршлага:

-2013-2015 онд: Монгол Улсын Боловсролын их сургуульд гэрээт багш

-2013-2018 онд: Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэнгийн  Оношилгоо, зөвлөгөөний албаны дарга

-2016 оноос: одоог хүртэл Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн Нарийн бичгийн дарга

-2019 оноос: одоог хүртэл "Мета" сэтгэл судлалын хүрээлэн ТББ-ын захирал

Манай Монголд хоёр туйл руугаа байх хандлага байдаг. Хайрлавал бүр урсаж хайрлаад, шийтгэхээрээ бүр хүнд хэлбэрийг сонгодог. Гэтэл энэ дунд хэдэн алхамтай шат баймаар, хүүхэд тэрийг нь ойлгодог баймаар юм. Ийм буруу зүйл хийвэл ямар хэмжээний шийтгэлтэй байх дарааллыг бий болгож хүүхдэд ойлгуулвал зүгээр. Гэтэл Монголд хоёрхон л сэтгэл хөдлөл аав, ээжээс гардаг. Нэг бол чи мундаг гээд магтаад хэтэрхий их хөөргөдөг, эсвэл чи яаж байгаа юм, яагаад ингэж байгаа юм гээд тухайн үйлдлийнх нь төлөө биш илүү хувь хүнд нь чиглэж буруутгадаг. Ингээд хоёр туйл руу эцэг эх савлаад эхлэхээр хүүхэд өөрөө ч гайхна. Би нэг бол маш сайн хүн болчихоод байдаг, нэг бол хэтэрхий муу хүүхэд болчихоод байдаг. Энэ мэтээр зөрүүтэй ойлголт өгөөд байхаар хүүхэд төөрөлддөг.

Мэдээж хүүхэд өсгөнө хүмүүжүүлнэ гэдэг амар ажил биш. Бид ч бас анх удаа аав ээж болж үзэж байгаа. Ямар ааш араншинтай, ямар онцлогтой хүүхэд заяаж байгааг мэдэхгүй. Тэгэхээр хүүхэд хүмүүжүүлж, өсгөх нь эцэг эхчүүдийн хувьд ч нэлээд сорилт болдог.

Хүүхдийнхээ өмнө алдаа гаргадаг, тэгэх эрхтэй аав, ээж байгаасай гэж бас би боддог. Манай эцэг эхчүүдийн хувьд  нэг бол би өөгүй, чи л буруутай гээд байдаг. Эсвэл хүүхдийнхээ өмнө үргэлж уучлалт гуйж хэтэрхий тахин шүтдэг.

Амласан амлалтандаа бид хүрдэг байх нь биднээс бас хариуцлага шаардаж байдаг. Бид амлачихаад тэрэндээ хүрэхгүй байхаар хүүхэд биднээс хэзээ юу хүлээхээ ойлгохоо больчихдог. Тэгэхээр бид өөрсдөө үлгэрлэж байж хүүхдээсээ хамгийн их хүсээд байгаа арга барилаа суулгаж чадах юм. Орчин үе биднээс хүүхэд юу хүсч байгаа болон юу хүсэхгүй байгаагаа мэддэг илэрхийлдэг байхыг шаардаад эхэлсэн. Тэгэхийн тулд хүүхдийн дуу хоолой гэртээ ч ижил тэгш хэмжээнд байх ёстой. Манай аав ээж нар хүүхдээ өмчлөх хандлагатай. Хайрлаж байгаа мэт боловч нөгөө талд хүүхэд маань юу хүсээд байгааг анхаардаггүй, ойлгохыг хүсдэггүй.

Сүүлийн үед 2000 оноос хойш үеийн хоорондын ялгаа их гарч байгаа. Нэг ангид байгаа хүүхдүүдийн зарим нь өвөө эмээтэйгээ өсөж байна. Заримынх нь аав ээж дундаж насны, өөр бусдынх нь залуу эцэг эхчүүд байдаг. Энэ үеүдийн ялгааг бид мэдээж арилгаж чадахгүй. Гэхдээ аль аль нь хүнийг хүндэлдэг, бусдыг хайрладаг ирээдүйг хүсч байна. Ингэхийн тулд бид өөрсдөө үлгэрлэх нь хамгийн чухал юм. Хайрлагдаж өссөн хүүхэд муу хүн болдоггүй. Хайрлагдсаныхаа төлөө хүүхэд юу өгөхөө бас мэдэрч чаддаг. Тэгэхээр аль болох хайрлагдсан мэдрэмжийг нь сайн өгдөг байгаасай гэж хүсдэг. Бас бусдыг өвтгөхгүй, өөрөө өвдөхгүй байх аргуудад нь сургаад өгчихвөл хүүхдийн суурь зөв тавигдана.

ХАЙРЛАЖ БАЙНА ГЭДЭГ ДАВАРААНА ГЭСЭН ҮГ БИШ

Тухайн хүүхдийг байгаагаар нь хайрлах буюу хүүхдээс гарч байгаа бүх зан аашийг хүлээн зөвшөөрч хайрлах ёстой. Гэхдээ бас хүмүүжүүлэх үүрэгтэй. Зөвхөн хайрлаад хүмүүжүүлэхээ орхигдуулж болохгүй, эсвэл хүмүүжүүлж байна гээд хайрлахаа мартаж болохгүй. Энэ хоёр тэнцвэртэй байж бидний хүсээд байгаа зөв хүмүүжилтэй зөв хүн бий болох ёстой.

Хүүхэд аав ээжийгээ барьцаалж хайрлагдах тохиолдол байдаг. Жишээ нь та хоёр намайг хайрлахаа больчихсон юм уу, та хоёр намайг ингэсний төлөө хайрлахаа больж байгаа юм уу гэх мэтээр ерөнхий утгаар нь барьцаалж асуудаг, ойлгодог. Гэтэл хэрэв муу зүйл хийсэн бол тусдаа яригдах зүйл. Аав ээж нь хүүхдэдээ энийг шууд хэлж байх ёстой. “Би чамд үргэлж хайртай. Гэхдээ ёс зүйн хувьд энийг чинь хүлээн зөвшөөрөхгүй, бусад хүнийг чи өвтгөж байгаа бол энэ хайр биш. Бусад хүнээр өөрийгөө өвтгүүлж байгаа бол бас буруу” гэх мэтээр. Хэт өөрийнхөөр нь байлгаж болохгүй.

Нөгөө талаар хүүхдээ хэтэрхий хайхрахгүй орхисноос дураараа өсчихдөг. Ёс суртахуунгүй, хүний хил хязгаар руу дураараа дайрч, бусдыг өвтгөж байна гэдгээ мэддэггүй дайрсан маягтай болчихдог. “Би угаасаа ийм. Тэгээд яах юм” гээд өөрийгөө нэгдүгээрт тавиад эхэлдэг. Гэтэл таны тэр би гэдэг рүү хэн ч дайраагүй шүү дээ. Иймэрхүү харилцааны хэлбэрийг зөв байлгахын тулд эцэг эхчүүд бид хүүхдээ үргэлж анзаарч байх хэрэгтэй. Хүүхэд өөрийгөө хамгаалж чадаж байна уу, хүүхэд өөрийгөө хамгаалахдаа бусдыг өвтгөж байна уу гэдгийг сайн анхаарч, анзаарч хэлж өгөх ёстой юм.

ХҮҮХЭД ТОМЧУУДЫН БҮХ ҮЙЛДЛИЙГ КОМПЬЮТЕР ШИГ ХУУЛБАРЛАДАГ

Сүүлийн үед хүүхдийн хүмүүжлийн талаар их ярьж, бичдэг болсны ачаар одоогийн эцэг эхчүүдийн хувьд гадаад дотоодын судалгаанаас эхлээд олон нийтийн мэдээллийн хэрэгслээс хангалттай мэдээлэл авдаг болсон. Харин хамгийн гол нь уншсан, сонссоноо амьдралд хэрэгжүүлээд яваасай гэж хүсдэг. Монголчуудын нэг онцлог сөрөг сэтгэл хөдлөл нь нэлээн ил байдаг. Гэтэл хүнийг яаж хайрлах, хүндлэх юм гэдгээ тэр болгон ил гаргаж ярьдаггүй. Ил гаргаж ярихгүй учраас хүүхдүүд ч энэ талаар ярьж чаддаггүй. Хүүхэд үл ухамсарлахуй дотроо таван мэдрэхүйгээрээ дамжуулаад томчуудын бүх үйлдлийг хуулбарлаж байдаг. Яг л компьютерийн харднаас copy, paste хийдэг шиг. Аав, ээж нь хоорондоо яаж харьцана хүүхэд түүнийг нь яг хуулбарладаг. Ялангуяа хамгийн чухал нас 0-6 нас гэж үздэг. Энэ насанд хүүхэд ямар ч зүйлийг шүүлтүүргүйгээр даган дуурайдаг. Үүнээс хойш логик сэтгэхүй нь хөгжөөд ирэхээр сайн муу, зөв бурууг ялгаад ирэхээрээ энэ мэдээллийг би оруулна, энийг оруулахгүй гэх мэтээр өөрийн дотоод ухамсартаа сонголт хийж эхэлдэг. Тэгэхээр 0-6 насны мэдээлэл нь үл ухамсарлахуйд суучихсан учраас томрох тусам харилцаанд нь нөлөөлдөг, шийдвэр гаргалтанд нөлөөлдөг.

ЯАГААД EQ ЧУХАЛ ВЭ?

Self awareness буюу хүний өөрийгөө ухамсарлах түвшин өндөр байх тусам тухайн хүн ямар ч нөхцөлд дасан зохицох чадвар илүү байдаг. Энэ нь дотроо таван түвшинтэй. Эхнийх нь өөрийгөө таньж мэдэх. Бага насандаа бид хөл гар, нүд, чих хамар гээд өөрсдийнхөө махан биетэй эхлээд танилцдаг. Дараа нь өөрийнхөө сэтгэл хөдлөлтэй танилцаж байдаг. Хүмүүсийн сэтгэл хөдлөлөө илэрхийлж байгаа моментуудаас энийг суралцдаг. Хүүхдийн анхны хэл хэзээ ч монгол юм уу, англи хэл байдаггүй. Хүүхэд хамгийн анх биеийн хэлээр ярьдаг. Томчуудын биеийн хэлэмжээс хүүхэд сэтгэл хөдлөлөө ингэж гаргадаг, ингэж илэрхийлдэг юм байна гэж суралцдаг. Цаашлаад надад ямар мэдрэмж байна гэдгээ илэрхийлэхэд бас суралцаж байдаг. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх аргуудаа бага багаар баяжуулна. Хоёр гуравхан сэтгэл хөдлөлийн мэдрэмжтэй байсан бол томрох тусмаа улам нэмэгдэж, өөрөө өөртэйгөө илүү нарийн танилцаж байдаг. Биетэйгээ, сэтгэл хөдлөлтэйгөө аажмаар танилцаад дараа нь аливааг ойлгох чадвар буюу IQ хөгждөг.

EQ өндөр байна гэдэг нь бусдыг болон өөрийгөө ойлгох чадвар илүү байна гэсэн үг. Жишээ нь ямар нэг зүйлээс болоод хүн уурлалаа гэхэд, EQ  сул хүн нь уураа шууд таныг өвтгөхөөр гаргана. Харин EQ өндөр хүн бол энэ хүний сэтгэл өвдөх вий, гомдох вий гэж бодоод ямар аргаар юу ярих вэ гэдгээ тэр дороо өөрчлөх жишээтэй. Бусдын мэдрэмж, биеийн хэлэмжүүдийг уншиж, ойлгож, түүнд тохирсон зөрчил үүсэхгүй сэтгэл хөдлөлийг гаргаж байгаа хүмүүсийг EQ өндөр гэж үзээд байгаа. Гэтэл зарим эцэг эхчүүд миний хүүхэд өөрийнхөөрөө, чөлөөтэй байгаа нь энэ гээд хүүхдээ дураар нь орхиод бусдад хандаж байгаа сөрөг хандлагуудыг нь анхаарахгүй орхидог. Таны хүүхэд ганцаархнаа нэг өрөөнд амьдрахгүй. Манай хүүхэд угаасаа ийм юм чинь гэж байгаа бол таны хүүхэд нийгэмд ороод харилцахад улам л хүндрэлтэй байдалд орно.

Бидний аз жаргал үргэлж харилцан хамаарал дунд байдаг. Бид гэр бүл аав, ээж найз нөхөд нийгэмд үнэлэгдэх үнэлэмж гэх мэтээр үргэлж бусдын дунд оршсоор байгаа. Хүн үргэлж хүмүүстэй амьдарч байгаа учраас хүмүүстэй зохицон амьдрах чадвартай болох ёстой юм.

Нөгөө талаар хэтэрхий хүнийг бодоод найз нөхдийнхөө үгээр, бусдын үгэнд автдаг өөрийгөө хаях тохиолдол байдаг. Тэгэхээр EQ өндөр хүн гэдэг өөрийгөө болон бусдыг бодох нь ижил хэмжээнд байх, тэнцвэртэй байхыг хэлж байгаа юм.

УЛСЫН СУРГУУЛИУД СЭТГЭЛ ЗҮЙЧТЭЙ БОЛНО

Би “Мета” сэтгэл судлалын хүрээлэнд сэтгэл зүйчээр ажилладаг. Мөн Монголын Сэтгэл зүйчдийн нийгэмлэгт Нарийн бичгийн даргаар түр орлон ажиллаж байна. Манай нийгэмлэг нь 1998 онд байгуулагдсан. 2020 оноос сургууль болгон сэтгэл зүйчтэй байх төсөл улсын сургуулиудад хэрэгжээд явж байна. Одоогоор гурван үе шаттайгаар 151 боловсролын сэтгэл зүйчдийг бэлтгэн гаргалаа. Удахгүй энэ сарын 7-ноос дөрөв дэх ээлжийн хүмүүсийг бэлтгэн хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх гэж байна. Манай салбарын хувьд хүний нөөц буюу мэргэжлийн хүмүүсийн хэрэгцээ их. Тэгэхээр аль болох  мэргэжлийн онолоо үзээд сурчихсан, бакалаврын зэрэгтэй хүмүүсийг ажлын байраар нь хангаж өгье, эдгээр хүмүүсээ мэргэшүүлэхэд нь туслая, боловсролын сэтгэл зүйч гэдэг олон хүнтэй хамтарсан талбарыг нь бэлдээд өгчихвөл хүмүүс бие биетэйгээ танилцаад, суралцаад яваасай гэж хүсч явдаг. Энэ ондоо гэхэд 250 орчим хүнийг мэргэшүүлээд ажлын байраар хангана. Цаашдаа улсын ЕБС-ийн 600 гаруй сургуулийг бүгдийг нь сэтгэл зүйчтэй болгохоор ажиллаж байна.

Сургууль гэдэг захирал, багш, ажилчид, эцэг эх, хүүхэд гээд бүхэл бүтэн тогтолцооны орчин юм. Тэгэхээр цаашид өөрийгөө болон бусдыг ойлгодог зөв харилцаатай иргэн бий болгохын тулд энэ орчноос эхлэх нь зүйтэй гэж бид үзсэн. Энэ төслийг маань БСШУЯ-аас санаачлан хэрэгжүүлж байгаа.

 

 

Б.НЯМСҮРЭН

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642144
0 эможи

keyboard_arrow_up