БШУЯ: Маргаашийн дотор цэцэрлэгийн бүртгэлээ хийлгэхгүй бол ДАХИН БҮРТГЭХГҮЙ
Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдийн тоо 113,654 байгаа талаар БШУЯ-наас мэдээлэв. Тодруулбал,
- Төрийн өмчийн цэцэрлэгт 88,362
- Хувийн өмчийн цэцэрлэгт 25,292 хүүхэд явж байна.
Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-ын дарга Т.Ням-Очир "Өнөөдрийн байдлаар нэгдүгээр шатандаа бүртгүүлсэн бүх хүүхдүүд цэцэрлэгтээ хуваарилагдсан. Түүнчлэн хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийг элсүүлэн сургаж байгаа хувийн цэцэрлэгүүдэд хувьсах зардлыг олгож байна. Урьдчилсан байдлаар 12,000 гаруй хүүхдэд хувьсах зардлыг хоолны мөнгөний хамт цэцэрлэгүүдэд өгчээ.
Зарим цэцэрлэгүүд бүрэн хүчин чадлаараа элсэлт авч чадаагүйтэй холбоотойгоор хоёрдугаар шатны бүртгэлийг хийхдээ хувийн цэцэрлэгүүдэд нэмэлтээр хүүхдүүдийг хуваарилах ажил үргэлжилж байгаа. Одоогоор 7,296 хувийн цэцэрлэгийн сул орон тоо буюу хүчин чадлын боломж байна. Тиймээс хоёрдугаар шатны бүртгэл дээр аль болох төрийн өмчийн цэцэрлэгүүд болон хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн боломжийг нэн тэргүүнд харгалзан үзэж хуваарилалт хийнэ" хэмээн хэлэв.
Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэлд 11,038 хүүхдийг хамруулах хүсэлт ирсэн байна.Үүнээс хүсэлтээ явуулсны дараа цэцэрлэгт элссэн 2,163 хүүхэд байгаа гэдгийг БШУЯ-наас мэдээлсэн.
Хоёрдугаар шатны бүртгэлд хамрагдах хүсэлт илгээсэн 11,038 хүүхдийн мэдээллийг танилцуулбал,
- Баянзүрх 2,969
- Сонгинохайрхан 2,405
- Хан-Уул 2,340
- Баянгол 1,406
- Сүхбаатар 807
- Чингэлтэй 700
- Налайх 209
- Багануур 178
- Багахангай 24 тус тус хүсэлт илгээсэн байна. Мөн орон нутгаас шилжиж ирсэн 40 хүүхэд байгаа аж.