Б.Энхлэн: Сургуулийн бэлтгэлийг зөвхөн хичээлийн хэрэгсэл төдийгөөр бус хүүхдийнхээ сэтгэл зүйг мэдрэх хэрэгтэй Б.Энхлэн: Сургуулийн бэлтгэлийг зөвхөн хичээлийн хэрэгсэл төдийгөөр бус хүүхдийнхээ сэтгэл зүйг мэдрэх хэрэгтэй
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Энхлэн: Сургуулийн бэлтгэлийг зөвхөн хичээлийн хэрэгсэл төдийгөөр бус хүүхдийнхээ сэтгэл зүйг мэдрэх хэрэгтэй

2020 оны 9 сарын 03

Arslan.mn

“Сэтгэл судлалын үндэсний төв”-ийн Сэтгэл судлаач Б.Энхлэнтэй ярилцлаа.


-Цар тахлын үед хичээлийн шинэ жил эхэлж буйгаар онцлогтой. Тэр тусмаа нэгдүгээр ангид элсэж байгаа зургаан настай хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлогийн талаар ярилцлагаа эхэлье?

-Хүүхдийнхээ цэцэрлэгээс сургуульд орох үеийн сэтгэл зүйн бэлэн байдлыг эцэг эхчүүд тэр бүр анзаараад байдаггүй. Сургуулийн бэлтгэлийг зөвхөн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл төдийгөөр хүлээж авах бус хүүхэд тань сургуульд ороход бэлэн эсэх, сурлагын ахиц гаргах сэтгэл зүй нь хангагдсан уу гэдгийг бодож үзэх хэрэгтэй.

-Эцэг эхийн зүгээс нэгдүгээр ангид элсэж буй хүүхдийнхээ сэтгэл зүйг хэрхэн бэлдэх шаардлагатай вэ?

-Хичээлийн шинэ жил буюу есдүгээр сарын 1-ний орой зурагтаар уйлсан, эсвэл шоконд орсон хүүхдүүд гардаг шүү дээ. Энэ нь хүүхэд айж, түгшүүрлэж байгаагаас үүдэлтэй үйлдлийн жишээ юм. Ийм жишээг давтуулахгүйн тулд эхний ээлжинд сургуулийн талаарх ойлголтыг нэгдүгээр ангид элсэгчдэд зөв өгөх нь нэн чухал. Тиймээс эвээр, эерэгээр тайлбарлаж, хичээл эхлэхээс өмнө сургуульд нь дагуулж очоод маш ойлгомжтойгоор тайлбарлавал ийм нөхцөл үүсэхгүй байх боломжтой. Эцэг эхийн зүгээс сургуульд эрдэм ном заадаг, чамтай адил олон хүүхэд суралцдаг, багшийн заасан хичээлийг сурдаг гэх мэтчилэн сайтар тайлбарлаж өгөх хэрэгтэй гэсэн үг. Ингэхгүй аваас яг үнэндээ тэд танихгүй орчин, мэдэхгүй хүмүүсээс түгших мэдрэмжийг авах эрсдэлтэй. Жишээ нь, хичээл эхлэхээс өмнө сургуульд нь дагуулж очиж танилцуулах, ангид оруулж суулгах, багшийг нь харуулах, хичээл явагддаг процессийг тайлбарлаж өгөх гэх мэт арга бий. Хэрэв боломжгүй бол сургууль, анги танхимын зургийг нь харуулж болно. Ингэснээр өмнө үзсэн газартаа очиход эвгүйцэх мэдрэмж нь харьцангуй багасна. Зарим эцэг эх “Манай хүүхэд энэ намар сургуульд орно. Одоо ч алалцаж өгөх байх, бөөн юм болно доо” гэж тэдний дэргэд улиглан ярьдаг. Үүнийг нь сонссон хүүхэд “сургуульд орох үед балрах юм байна” гэсэн ойлголттой нь холбоотой таагүй мэдрэмж үүсэх магадлалтай.

-Тэгвэл томчууд бид хүүхдийнхээ онцлогийг ойлгох хэрэгтэй гэсэн үг үү?

-Зарим хүүхэд 20 минут сууж хичээлээ хийж болоод байхад чи яагаад суудаггүй юм бэ гэж бусадтай харьцуулж хэрхэвч болохгүй. Яг үнэндээ хүүхэд болгон дахин давтагдашгүй өвөрмөц онцлогтой шүү дээ. Багад нь яаж харилцсанаас шалтгаалж хүүхэд бүрийн хүмүүжил төлөвшил адилгүй. Энэ онцлогийг анзаарахгүй бусадтай жишвэл тохиромжгүй арга хэлбэр гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дөрвөлжин нүхэн дотор бөөрөнхий дүрс хийх гээд байгаатай ялгаагүй. Тэгвэл тухайн хүүхдийн анхаарал төвлөрөх хугацаанд чухал хичээлүүдийг нь хийлгэж 1-3 минут амраагаад дахиад суулгаж болно. Хүүхдийнхээ онцлогийг мэдрэхгүйгээр бусдын хийж буй үйлдлийг нэхээд, эсвэл ур чадвар нь аль хэдийнэ тогтсон том хүүхэдтэй харьцуулна гэдэг байж болшгүй.

-Хүүхэд болгоны хувьд анхаарал төвлөрөх хугацаа харилцан адилгүй гэлээ. Тэгвэл зургаан настнуудын анхаарал төвлөрөлт ихэнхдээ хэдэн минут үргэлжилдэг вэ?

-Энэ насныхны анхаарал төвлөрөлт дунджаар 12-18 минут байдаг. Гэхдээ тухайн хүүхдийн гар утасны хэрэглээ, үе тэнгийнхэнтэйгээ тоглох, биеийн хөдөлгөөн хийх гэх мэт хувь онцлогоос шалтгаална. Тэгэхээр бусад хүүхэд 15 минут ширээний ард тогтвортой суудаг шиг таны хүүхэд ийм хугацаагаар суух албагүй. Хүүхэд бол хэнтэй ч харьцуулагдахгүй дахин давтагдашгүй бие хүн юм шүү дээ. Бусадтай адилтгаж бодохгүйгээр онцлогийг нь мэдрэх хэрэгтэй. Ингэхийн тулд хүүхдээ сайн ажигла, хичээлийг нь сонирхолтой байдлаар хийлгэж байгаарай.

-Хүүхдийнхээ хичээлийг хийлгэхдээ хувь онцлогт нь тохируулах шаардлагатай байх нь ээ?

-Маргаан, үл ойлголцол гарахад “ёстой нойлын ногоон тэг” гээд л таагүй үг хэллэгээр загнах, цохиж нудчих нь буруу үйлдэл юм. Насанд хүрсэн хүмүүс стресстэй байгаагаа өөрсдөө мэддэг. Тэдний хувьд стрессээс гарах арга замуудыг амьдралдаа хэрэгжүүлдэг. Харин хүүхэд стресст өртөх магадлалыг насанд хүрсэн хүнтэй харьцуулбал 10 дахин илүү байдаг гэсэн судалгаа бий. Гэтэл хүүхдээ стресстэй үед нь улам загнаж зандраад байвал тархины айдсын төв буюу амигдала идэвхжиж тархины хөгжилд сөрөг нөлөө үзүүлнэ.

- Энэхүү айдсын төв идэвхжвэл ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Айдсын төв идэвхжвэл шийдвэр гаргалт, өөрийгөө илэрхийлэх болон сонсож ойлгох чадварт сөргөөр нөлөөлдөг. Тиймээс айлгаж сүрдүүлэхгүйгээр хичээлийг нь хэлж зааварчилж харилцвал сурлагын амжилтад ахиц авчирна гэсэн судалгаа бий. Тодруулбал, Эцэг эхийн хүмүүжлийн арга эерэг, эсвэл сөрөг байгаа нь сурлагын амжилтад шууд нөлөөлдөг. Тиймээс аль болох тайван дөлгөөн харилцсанаар ирээдүйд хүүхдээ хэн болгохыг хүсэж байна” яг тийм хүүхэд болгож төлөвшүүлэх боломжтой.

-Айдас түгшүүрт автсан үед хүүхдийн ой тогтоолтод ямар өөрчлөлт гардаг юм бол?

-Хичээлээ айдастай хийвэл амархан мартагдах эрсдэлтэй. Дэвтэр дээрээ нулимсаа дуслуулаад л айж бөмбөгнөөд гэрийн даалгавраа хийж суудаг жишээ бий. Ингэж түгшүүртэй хийвэл хэсэг хугацааны дараа айдас алга болоход тухайн хичээл нь ч хамт мартагддаг. Иймээс томчууд өөрсдөө зөв үлгэр дуурайл үзүүлж, тайлбарлавал зохистой.

-Аливаа эрдэмд шамдахдаа эхлээд сууж сур гэж ярьдаг. Тэгвэл зургаан настай хүүхдүүдийн хөдөлгөөний хэрэгцээг мэдэрч хичээлийг нь давтуулах шаардлагатай гэсэн үг үү?

-Огт босгохгүйгээр суулгаад гэрийн даалгаврыг хийлгэнэ гэдэг тийм ч үр бүтээлтэй арга биш. Харин ч ингэснээр хичээлээс залхах хандлагатай болдог. Бага насны хүүхдэд хөдөлгөөнтэй байх хэрэгцээ бий. Магадгүй 15-20 минут суулгаад гэрийн даалгаврыг нь хийлгэсэн бол дунд нь амралт авч биеийнх нь чилээг гаргах хэрэгтэй. Ингэж тодорхой хэмжээний давтамжтай хөдөлгөөн хийлгэвэл хүүхэд залхахгүй. Хүүхдийн тархи дөнгөж хөгжиж яваа шүү дээ. Тиймээс аливааг эвээр ойлгуулж, хоолойны өнгөө хүртэл дөлгөөн тайван болгоод асуултад нь цааргалахгүй хариулбал хичээлээ хийх, өөрийгөө илэрхийлэх чадварт эерэгээр нөлөөлнө. Хамгийн гол нь томчууд бид харилцаандаа анхаарах нь чухал.

-Тэгэхээр эцэг эхчүүдийн хандлага харилцаа хамгийн гол дэм болох нь ээ?

-Ерөөс харилцаандаа эерэг үгс, зөв үйлдлийг үзүүлж дэмжвэл сэтгэл зүйн эерэг хэрэгцээнүүд нь хангагдана. Мэдээж аав ээж бүр л хүүхдээ ирээдүйд амжилттай, мундаг хүн болоосой гэж хүсдэг. Ийм болоход гэр бүлийн зүгээс ойлгодог, сонсдог, дэмждэг, урамшуулдаг эерэг харилцаа чухал.

-Хүний насны үечлэл болгонд сэтгэл зүйн онцлог нь өөр өөр шинжтэй байдаг уу?

-Бид өсвөр үе, шилжилтийн насны хямралд голчлон анхаараад байдаг. Энэ нь гадаад байдал, бие бялдар өөрчлөгдөх, сэтгэл хөдлөл тогтворгүй болох гэх мэтчилэн зүйлстэй холбоотойг үгүйсгэхгүй. Сэтгэл судлаач Эрик Эриксоны тодорхойлсноор “Хүний насны үечлэл бүрт сэтгэл зүйн хямрал, хэрэгцээ мэдрэмжүүд бий” хэмээсэн бөгөөд түүнийг амжилттай даван туулснаар зөв бие хүн болох боломжтой. Дан ганц өсвөр нас гэлтгүй, насны үечлэл болгонд давж туулах ёстой онцлог шинжүүд илэрнэ. Жишээлбэл, гурван настай хүүхэд “би өөрөө хийе” гэж өөрийгөө илэрхийлэх мэдрэмжээ гаргадаг бол арван настай болоод ирэхээр аливааг өмчилж, хувьчилдаг болж зан аашинд нь өөрчлөлт илэрнэ. Ингэж том хүн болох үйл явц ажиглагддаг. Харин зургаан настай хүүхдийн хувьд хүрээлэн буй орчинтой холбоотой өөрчлөлт гардаг байх нь. Өөрчлөлтийн энэ үед асран хамгаалагч, эцэг эхчүүд дэмжиж туслаад явбал үүнийг амархан даван гарах боломжтой.

П.САЙНЖАРГАЛ

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619622
0 эможи

Зочин
2020-09-03 18:38
Зочин
2020-09-03 12:38
keyboard_arrow_up