Нийслэл ИРЭХ ОНД Засаг даргын нөөц хөрөнгөд ₮40 тэрбум, өрөнд ₮824 тэрбум, зам засварт ₮352 тэрбум ЗАРЦУУЛНА

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нийслэлийн 2027 оны төсвийн төслийг 4.89 их наяд төгрөгийн зарлагатай, 4.6 их наяд төгрөгийн орлоготой байхаар өргөн барьжээ.
Үүнээс урсгал зардалд 1.94 их наяд, хөрөнгө оруулалтад 1.48 их наяд төгрөг тусгасан байна.
Нийслэл 2027 онд юунд, хэдэн төгрөг зарцуулах гэж байна вэ?
Цалин, нийгмийн даатгалд 196.9 тэрбум төгрөг: Албан хаагчдын цалин хөлс, ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлд зарцуулна.
Цалингийн зардлаа өмнөх оноос 52.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ.
Нийтийн тээвэрт үйлчилгээний санхүүжилтэд 463.9 тэрбум, хөрөнгө оруулалт 141.5 тэрбум төгрөг: Үйлчилгээний санхүүжилтэд автобусны орлого, зардлын зөрүүг нөхөх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн унааны нөхөн олговор, сургуулийн автобус багтана. Харин хөрөнгө оруулалтаас 100 тэрбумыг Хан-Уул дүүрэгт хэрэгжүүлэх 13.2 км урт их багтаамжийн нийтийн тээврийн төсөлд төлөвлөжээ.
Авто замын хөрөнгө оруулалтад 352.8 тэрбум төгрөг: Зам, гүүр, уулзвар барих, шинэчлэхэд 216.5 тэрбум, гудамж замын арчлалт, засварт 51.5 тэрбум, явган хүний болон дугуйн замд 20.3 тэрбум, гэрлэн дохио, тэмдэг, тэмдэглэгээнд 13 тэрбум төгрөг тусгасан байна.
Агаарын бохирдол, түлшинд 476.9 тэрбум төгрөг: Коксжсон түлшинд 400 тэрбум, түлшний тээвэрлэлт, хадгалалт, борлуулалтын урамшуулал болон хий, цахилгаан халаалтад шилжүүлэх арга хэмжээнд 76.9 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
Сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтад 181.6 тэрбум төгрөг: Шинэ барилга, өргөтгөл, барилга худалдан авах, засвар болон тоног төхөөрөмжийн санхүүжилт багтана. Үүнээс тоног төхөөрөмжид 8 тэрбум, их засварт 7.5 тэрбум төгрөг тусгажээ.
Эрүүл мэндийн хөрөнгө оруулалтад 86 тэрбум төгрөг: Эмнэлгийн барилга, засвар, оношилгоо, эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд зориулна. Үүний 41 тэрбум төгрөгийг тоног төхөөрөмжид зарцуулахаар төлөвлөсөн байна.
Газар чөлөөлөлт, гэр хорооллын дахин төлөвлөлтөд 200 тэрбум төгрөг: Өмнө байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөрт 100 тэрбум, шинээр газар чөлөөлөхөд 100 тэрбум төгрөг тусгажээ.
Хотын цэвэрлэгээ, тохижилтын урсгал зардалд 105.2 тэрбум төгрөг: Үүнээс хог хаягдал, орчны бохирдол арилгахад 32 тэрбум, үерийн далан, сувгийн цэвэрлэгээ, арчлалтад 10.4 тэрбум, өвөлжилтийн бэлтгэлд 10 тэрбум төгрөг төлөвлөсөн байна.
Эрчим хүч, инженерийн дэд бүтэц 171.4 тэрбум төгрөг: Цахилгаан, дулаан, цэвэр болон бохир усны шугам сүлжээнд зарцуулахаар төлөвлөжээ. Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 МВт-ын дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламжид ирэх онд 80 тэрбум төгрөг зарцуулна. Төслийн нийт өртөг 225.5 тэрбум төгрөг. Туул-1 коллекторын ажлыг 19.1 тэрбум төгрөгөөр дуусгана. Мөн Хүннү хотын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн төсөлд 15 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд 68 тэрбум төгрөг: Камержуулалт, мэдээллийн систем болон урьдчилан сэргийлэх бусад ажлыг санхүүжүүлнэ. Гамшгийн эрсдэлийг бууруулахад тусад нь 6 тэрбум төгрөг тусгажээ.
Нөөцийн махны зээлийн хүүгийн хөнгөлөлтөд 30.5 тэрбум төгрөг: Ирэх онд 13 мянган тонн мах бэлтгэхээр тооцсон бөгөөд дээрх хөрөнгө нь мах худалдан авах нийт өртөг бус, хүүгийн хөнгөлөлтийн санхүүжилт юм.
Зээлийн хүү, үнэт цаасны холбогдох төлбөрт 355.8 тэрбум төгрөг: Үүнд бонд, дамжуулан зээлийн хүү, валютын своп хэлцэл болон бусад холбогдох зардал багтжээ.
Нийслэл төсвийн төсөлд зээл, үнэт цаасны үндсэн төлбөр, хүү болон холбогдох зардалд нийт 823.75 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
Үүнээс үндсэн төлбөрт 467.94 тэрбум, хүү, валютын своп хэлцэл болон бусад холбогдох төлбөрт 355.8 тэрбум төгрөг ногдож байна.
Үүний зэрэгцээ шинээр үнэт цаас гаргаж 2 их наяд 782.9 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс 1.81 их наяд төгрөг буюу ойролцоогоор 65 хувийг өмнө гаргасан 500 сая ам.долларын гадаад бондыг дахин санхүүжүүлэхэд зориулна.
Эргэн төлөгдөх санхүүжилтэд 918.8 тэрбум төгрөг: Үүнээс “Сэлбэ хорин минутын хот корпораци” ХХК-д 795 тэрбум, “Тархмал эрчим хүч дэд бүтэц” ХХК-д 75 тэрбум төгрөг олгохоор тусгасан байна.
Мөн Засаг даргын нөөц хөрөнгөд 40 тэрбум, шүүхийн шийдвэрийн дагуу иргэн, байгууллагад төлөх төлбөрт 18.5 тэрбум, гурван дүүрэгт олгох санхүүгийн дэмжлэгт 40.6 тэрбум, улсын төсөвт шилжүүлэх орлогод 420.5 тэрбум төгрөг төлөвлөжээ.
Нийслэл өрийн төлбөр, хүүгийн зардалд ₮824 тэрбум төлөвлөж, ₮2.78 их наядын үнэт цаас гаргахаар тооцжээ










