Автобусны жолооч Д.Эрдэнэтуяа харвалт өгсөн жолоочийн амь насыг аварчээ

Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:81 чиглэлийн 15-067 дугаартай автобусны жолооч Д.Эрдэнэтуяа сонор сэрэмжтэй, анхаарал болгоомжтой ажилласнаар нэгэн иргэний амь насыг аврахад тусалжээ.
Тодруулбал, аравдугаар сарын 29-ний өдрийн 20:49 цагийн орчимд Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт автобус үйлчилгээнд явж байх үед ард явсан жижиг оврын автомашин автобусыг шүргэсэн байна. Гэвч тухайн автомашины жолооч зогсолгүй хөдөлгөөнөө үргэлжлүүлжээ.
Харин автобусны жолооч Д.Эрдэнэтуяа уг үйлдлийг анзаарч, автобусаа зогсоон автомашины жолоочийн байдлыг шалгахад тухайн иргэн харвасан байдалтай, ухаангүй байжээ.
Улмаар иргэнд яаралтай тусламж үзүүлж, түргэн тусламж дуудсан байна.
Ийнхүү өдөр тутмын ажлаа гүйцэтгэж явахдаа замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож, бусдын амь нас, эрүүл мэндэд анхаарал хандуулсан жолооч Д.Эрдэнэтуяагийн энэхүү үйлдлийг олон нийтэд онцлон талархал илэрхийлжээ.

