Арцатын аманд хэрэгжиж буй “НУМТ ГҮРЭН” төсөлд хяналт шалгалт үргэлжилж байна Арцатын аманд хэрэгжиж буй “НУМТ ГҮРЭН” төсөлд хяналт шалгалт үргэлжилж байна
09 сарын 29, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Арцатын аманд хэрэгжиж буй “НУМТ ГҮРЭН” төсөлд хяналт шалгалт үргэлжилж байна

2026 оны 9 сарын 29

Arslan.mn

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Арцатын аманд “Тэнгэр уулс” ХХК-ийн захиалгаар хэрэгжиж буй “Нумт гүрэн” аялал жуулчлалын цогцолборын үйл ажиллагаатай холбоотой асуудалд Богд хан уулын Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа нь иргэд, олон нийтээс гомдол, мэдээлэл ирэхээс өмнө ч өөрийн чиг үүргийн хүрээнд газар ашиглалт, тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын дэглэм, байгаль орчны шаардлагын хэрэгжилтэд хяналт тавьж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж ирсэн болно.

Сүүлийн өдрүүдэд тухайн төслийн үйл ажиллагаа, нийтийн зорчих боломж хязгаарлагдсан байж болзошгүй нөхцөл байдалтай холбоотой иргэдийн гомдол, мэдээлэл нэмэгдсэнтэй холбогдуулан Хамгаалалтын захиргаанаас үйл ажиллагааг түр зогсоож, холбогдох эрх бүхий байгууллагуудтай хамтран хяналт шалгалтыг эрчимжүүлээд байна.

Төслийн баримт бичигт дурдсанаар “Тэнгэр уулс” ХХК-ийн газар ашиглах эрх 2025 онд шүүхийн шийдвэрийн дагуу сэргэсэн бөгөөд тухайн газрыг түр буудаллах, отоглох, аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар төлөвлөсөн байна.

Төслийн 2026/00-372 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр баталсан бөгөөд захиалагчаар “Тэнгэр уулс” ХХК, зураг төсөл боловсруулагчаар “Түмэн амгалан ордон” ХХК ажилласан байна.

Төлөвлөлтийн баримт бичигт хоёр давхар зоорь бүхий зочид буудал, хоёр давхар зоорь бүхий арга хэмжээний танхим, отоглох байр, цахилгааны дэд өртөө болон бусад тохижилтын байгууламжийг тусгасан байна.

Мөн цогцолбор руу хүрэх 0.46 км туслах авто замын барилгын ажилд 330/2026 дугаартай зөвшөөрөл олгосон бөгөөд зөвшөөрлийн хугацааг 2026 оны 9 дүгээр сарын 15-наас 2027 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл байхаар тусгасан байна.

Төслийн хүрээнд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн бөгөөд уг үнэлгээг “Газар Чандмань” ХХК боловсруулж, 5293812 дугаарт бүртгүүлсэн байна. Түүнчлэн барилгын талбайд Монгол тарваганы 8 бодгаль бүртгэгдсэн талаарх судалгаа, тайлан холбогдох баримт бичигт тусгагдсан бөгөөд тэдгээрийг шилжүүлсэн талаарх мэдээлэл ирүүлсэн байна.

Төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс Нийслэлийн Онцгой байдлын байгууллагын галын аюулгүй байдлын магадлалын дүгнэлт, архитектур төлөвлөлт, замын ажил болон зураг төсөлтэй холбоотой бусад баримт бичгийг хяналт шалгалтын хүрээнд танилцуулсан.

Хяналт шалгалтаар дараах асуудлыг нарийвчлан тогтоож байна. Үүнд:

  • Газар ашиглалт нь олгогдсон зориулалт, хэмжээ, хил заагтаа нийцэж байгаа эсэх;
  • иргэдийн чөлөөтэй зорчих боломж болон нийтийн ашиг сонирхлыг хууль бусаар хязгаарласан эсэх;
  • Барилга байгууламж, туслах авто замын ажил зохих зөвшөөрөл, батлагдсан зураг төсөлд нийцэж байгаа эсэх;
  • Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ болон байгаль хамгааллын менежментийн төлөвлөгөөний шаардлага биелж байгаа эсэх;
  • Зэрлэг амьтдын амьдрах орчин, ялангуяа Монгол тарваганы байршил, шилжүүлэлтэд холбогдох хууль, журам мөрдсөн эсэх;
  • Галын аюулгүй байдлын шаардлага хангагдсан эсэх;
  • Дархан цаазат газрын хамгаалалтын дэглэм болон газар ашиглуулах шийдвэр, гэрээ, зөвшөөрөлд тавигдсан нөхцөл, шаардлага зөрчигдсөн эсэх.

Хамгаалалтын захиргаа нь аливаа аж ахуйн нэгжийн газар ашиглах эрх, шүүхийн шийдвэр, бусад байгууллагаас олгосон зөвшөөрөл байгаа эсэхээс үл хамааран Дархан цаазат газрын хамгаалалтын дэглэм, байгаль орчны хууль тогтоомжийг чанд мөрдүүлэх үндсэн байр суурьтай ажиллана.

Хяналт шалгалтын явцад хууль тогтоомж, хамгаалалтын дэглэм, газар ашиглах нөхцөл болон холбогдох зөвшөөрлийн шаардлага зөрчсөн нөхцөл тогтоогдсон тохиолдолд зөрчлийг арилгуулах, үйл ажиллагааг зогсоох, эрх бүхий байгууллагад шилжүүлэх, зөрчлийн хэрэг нээн шалгуулах зэрэг хуульд заасан арга хэмжээг авах болно.

Хяналт шалгалтын эцсийн дүн, холбогдох шийдвэрийг баримтад үндэслэн иргэд, олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670868
0 эможи

keyboard_arrow_up