Г.Отгонтамир: “Автомашингүй өдөр”-ийн бүсчлэлд скүтер, мопед, суррон зэрэг цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй

Есдүгээр сарын 26-нд “Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн фестивалийг зохион байгуулна. Энэ өдрийн нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт, зохион байгуулалтын талаар нийслэлийн холбогдох албан тушаалтнууд, байгууллагуудын төлөөлөл мэдээлэл өглөө.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Автомашингүй өдөр-2026” арга хэмжээний үеэр 07:00-18:00 цагийн хооронд тодорхой бүсүүдэд машины хөдөлгөөнийг хязгаарлана.
Энэ өдөр цагдаагийн байгууллага хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журмыг хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллана.
Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад энэ жил замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан.
“Автомашингүй өдөр”-ийн бүсчлэлд цахилгаан скүтер, мопед, суррон зэрэг цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй.
Тус бүсэд оршин суудаг иргэд тээврийн хэрэгслээ өмнөх өдөр нь бүсчлэлээс гаргаж байрлуулахыг зөвлөж байна. “Шөнийн марафон”-ы үеэр цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллана. Иймд иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн тавьсан хуульд заасан шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна” гэсэн юм.


