Муруй хашлагаа “Геометр төлөвлөлтийн элемент” гэж тайлбарлав Муруй хашлагаа “Геометр төлөвлөлтийн элемент” гэж тайлбарлав
05 сарын 05, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Муруй хашлагаа “Геометр төлөвлөлтийн элемент” гэж тайлбарлав

2026 оны 5 сарын 05

Arslan.mn

Энэхүү авто зам нь Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй авто замын төсөл бөгөөд зураг төслийг “Финниш оверсийс консалтинг” ХХК нь ерөнхий гүйцэтгэгчээр 2024 онд боловсруулж, холбогдох байгууллагуудтай зөвшилцөн, магадлалаар батлуулсан болно.

Тус гудамж, зам нь хотын авто замын сүлжээний хувьд туслах гудамж, замын ангилалд хамаарах бөгөөд тухайн орчны орон сууц, үйлчилгээний бүсийн дотоод хөдөлгөөнийг гол болон хуримтлуулагч замтай холбох, тээврийн хэрэгсэл болон явган зорчигчийн хөдөлгөөнийг аюулгүй, зохион байгуулалттай нэвтрүүлэх үндсэн чиг үүрэгтэй.

Мөн уг авто замын зураг төсөл нь орчин үеийн хот төлөвлөлтийн чиг хандлагад нийцүүлэн “иж бүрэн гудамж” концепцийн хүрээнд төлөвлөгдсөн. Өөрөөр хэлбэл, зөвхөн автомашины хөдөлгөөнийг хангах бус, явган зорчигч, дугуйтай зорчигч, нийтийн тээвэр болон орчны аюулгүй байдлыг цогцоор нь шийдвэрлэх зорилготойгоор дараах үндсэн зарчмуудыг тусгасан болно. Үүнд:

• Явган хүний гарц, зам талбайг аюулгүй, хүртээмжтэй төлөвлөх

• Хөдөлгөөний хурдыг орчны зориулалттай уялдуулан зохистой түвшинд барих

• Замын геометрийг ашиглан хурд сааруулах, анхаарал төвлөрүүлэх шийдэл хэрэгжүүлэх

Зураг төсөлд уг байршлын явган хүний гарцын хэсэгт явган зорчигчийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, зорчих хэсгийг нэг дор бус үе шаттай гаргах, тээврийн хэрэгслийн хурдыг зохистой түвшинд сааруулах, жолоочийн харааны болон хөдөлгөөний чиглэлийн ойлгомжтой байдлыг сайжруулах зорилгоор дунд тусгаарлах арал бүхий зохион байгуулалтын шийдэл тусгагдсан.

Иргэдийн зүгээс “мурийсан” гэж ойлгож буй замын ирмэгийн хэлбэр нь хөдөлгөөнийг чиглүүлэх, хурд сааруулах геометр төлөвлөлтийн элемент юм. Энэхүү шийдэл нь тээврийн хэрэгслийн урсгалыг гарцын орчимд хэт шулуун, өндөр хурдтай нэвтрэхээс сэргийлж, жолоочийг гарцын бүсэд анхааралтай, хурдаа бууруулан зорчих нөхцөлийг бүрдүүлдэг.

Мөн дунд тусгаарлах арал нь явган зорчигчид замыг хоёр үе шаттайгаар гарах боломж олгож, зорчих хэсэг дээр байх хугацааг багасгах, эсрэг чиглэлийн урсгалыг тус тусад нь хянах, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх чухал үүрэгтэй шийдэл юм.

Одоогоор уг хэсгийн аюулгүйн арал, тэмдэг тэмдэглэгээ бүрэн хийгдээгүй, барилгын ажлын дараагийн үе шатанд хийгдэнэ. Ажил бүрэн дууссаны дараа тухайн хэсгийн зохион байгуулалт илүү ойлгомжтой болно.

Нийслэлийн Замын хөгжлийн газар нь захиалагчийн хяналтын чиг үүргийн хүрээнд барилгын ажлыг батлагдсан зураг төсөл, техникийн шаардлагын дагуу хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавин ажиллаж байна. Тухайн хэсгийн геометр төлөвлөлтийн үндэслэл, тооцоо, техникийн нарийвчилсан тайлбарыг зураг төсөл боловсруулсан байгууллага болох “Финниш оверсийс консалтинг” ХХК-аас холбогдох журмын дагуу тодруулан авах боломжтой гэж  Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668753
1 эможи

keyboard_arrow_up